Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн баасан гаригт Говьсүмбэр аймгаас мансууруулах бодистой холбоотой хэрэгт хэсэг залууг авчран шалгаж эхэлжээ. Тэр өдөр Чойрт “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн дүү нь “Гранд” хэмээх ресторан ажиллуулахаар болж, нээлтийн ёслолдоо хамтлаг, дуучдыг урьсан байна. Энэ үеэр “Айс топ” хамтлагийнхан очсон аж. Төд удалгүй, ЗБГХТГ-ынхан тус баар руу орж, “Айс топ” хамтлагийнхныг саатуулан “иргэдийн мэдээллээр та бүхнийг шалгах боллоо” гээд тайлбар, мэдүүлэг авч, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоохоор шинжилгээ авсан гэнэ. Энэ талаар цагдаагийн байгууллагын албаны хүнээс лавлахад “Тус хамтлагийнхныг мансууруулах бодис хууль бусаар олж авч хэрэглэсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа. Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэглэсэн, олж авсан гэж хэлэхэд эрт байна” гэлээ.
Тус хамтлагийн зарим гишүүн өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс ял шийтгүүлж байсан билээ.