Монголд покерийг мөрийтэй тоглоом гэж үзэн хориглодог. Гэвч энд тэнд улстөрч, бизнесмэнүүд, урлаг соёлын одод нийлэн покердох явдал бишгүй л гарч байна. Зарим тохиолдлыг нь цагдаагийн байгууллага илрүүлэн шалгадаг ч нэр нөлөө бүхий хүмүүсийг нь ялаас мултлаад “муу нэртэй, луу данстай” нэгнийг нь шийтгэх явдал байна. Тухайлбал, өчигдөр Дүүргийн анхан шатны I шүүхээр хэлэлцсэн “Мунзуй” гэж нэрлэгддэг Г.Нямдоржид холбогдох хэргээс үүний тод жишээг харж болно. Мөрдөн байцаах болон прокурорын байгууллага шалгаж, хянаж байгаа нэрээр зургаан сар “хав дарсны” дараа хэсэг нөхдийг ял завшуулсан байгаа юм. Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг DHL төвийн есдүгээр давхарт байрлах рестораны VIP өрөөнд энэ оны гуравдугаар сарын 21-нд хэсэг хүмүүс мөрийтэй тоглож байгаа мэдээллээр цагдаагийнхан очиж шалгажээ. Тэнд Г.Нямдоржоос гадна УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бүрэнжаргал, “Люмино” хамтлагийн Баажий буюу Б.Батхишиг болон иргэн Х.Баатархүү, У.Мөнхжаргал, Ч.Мөнхбат нар техас покер тоглож байсан аж. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Г.Нямдоржоос бусдыг нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон гэсэн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар нь өнгөрмөгц хэрэгсэхгүй болгожээ. Уг нь тэдний хэн нь мөрийтэй тоглоход ямар оролцоотой байсныг шүүхээр тогтоолгосон бол шударга ёсонд нийцэх байсан бус уу. Харин Г.Нямдоржид Дүүргийн I прокурорын газраас мөрийтэй тоглоом давтан тоглосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна. Шүүх өчигдөр хэргийг хэлэлцээд удаа дараа мөрийтэй тоглосон гэм буруутайд тооцож, нэг жил хорих ял шийтгэжээ. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мөрийтэй тоглосон хэрэгт холбогдож, торгох ялаар шийтгүүлж байсан аж.