Увс аймгийн прокурор Т.Мөнхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хууль шүүхийн байгууллагын шинэчлэл хөдөө орон нутагт хэр үр дүнтэй хэрэгжиж байна. Юу нь болж, юу нь болохгүй байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-Хууль эрх зүйн шинэчлэл орон нутагт зохих түвшинд хэрэгжиж байна гэж ойлгодог. Ялангуяа Шүүхийн тухай багц хууль батлагдсантай холбоотой шүүхэд хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэлт цаг үеэ олсон зөв шийдэл болсон. Харин шинэ тутам байгуулагдсан хууль сахиулах байгууллагуудын ажил жигдрэх арай болоогүй байна. Тухайлбал, хөрөнгө санхүү, байр сууцтай холбоотой асуудал тулгамдаж байна. Дээрх шинэчлэл үр дүнтэй хэрэгжихэд болохгүй байгаа нэг том асуудал байгаа нь хууль, шүүх, прокурорын байгууллагад ажиллаж буй шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрд өн байцаагчийн сэтгэлгээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ шинэчлэл үр дүнгээ өгөхгүй. Шийдэхэд бас л цаг хугацаа орох байх гэж ойлгодог шүү.
-Увс аймаг Туватай хил залгаа. Байсгээд л хил дамнасан малын хулгайн хэрэг гарч, тус улсын болон манай иргэд холбогддог. Танай аймагт гарч буй гэмт хэрэг улирч буй онд буурав уу, өсөв үү?
-2014 онд манай прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг иж бүрнээр авч хэрэгжүүлэх, 2013 онд тус аймагт зонхилон үйлдэгдсэн болон өсөх хандлагатай тодорхой төрлийн хэргийг бууруулахад анхаарч, тусдаа төлөвлөгөө гарган хэрэгжилтийг нь тухай бүр тооцож, хууль сахиулах байгууллага, аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран ажилласан нь тодорхой үр дүнгээ өгсөн. Аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн нөхцөл байдлыг сүүлийн гурван жилийн байдлаар судалж, бусдын эд хөрөнгө хулгайлах, ялангуяа мал хулгайлах, ойн тухай хууль тогтоомж зөрчих, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүдийг бууруулах чиглэлээр голлон ажиллалаа. Энэ нь ч үр дүнгээ өгс өн. Тоон үзүүлэлтээр авч үзвэл бусдын эд хөрөнгө хулгайлах хэрэг өмнөх оноос 16 хэргээр буюу 19.5, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг зургаа буюу 31.5, ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг наймаар буюу хоёр дахин буурчээ. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн гэж үзэж болно. Түүнчлэн хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг нь жил ирэх бүр буурч байгаа. Ер нь Монголын талаас мал хулгайлж, Тува улс руу гаргадаг асуудал бараг зогссон. Харин Тува улсын иргэд манай улсын хилийг зөрчин мал хулгайлах явдал гарсаар байна. 2013 онд тус улсын гурван иргэн хил давж, мал хулгайлсан асуудалд эрүүгийн хэрэг үүссэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүх тэдэнд 10-13 жил хорих ял оноосон байна. 2014 онд Тува улсын иргэд хил зөрчин мал хулгайлсан тохиолдол хэд хэд гарсан. Тухайлбал 2014 оны арваннэгдүгээр сард цэргүүд халагдах үеэр Сагил сумын иргэдийн 70-аад адуу хулгайд алдагдсан. Бид эрүүгийн хэрэг үүсгэн тагнуулын газрын мөрдөн байцаагч шалгаж байна.
-Олны анхаарал татсан хэрэг сүүлийн үед хэд хэд гарлаа. Тухайлбал, хилчид осолдсон, Оросын хилчнийг хутгалж бууг нь булаасан хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байна вэ?
-Дээрх хоёр хэрэгт хууль тогтоомжид заасны дагуу мөрдөн байцаалт явуулж байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд Тэс сумын нутаг, хилийн … дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар хил нэвтэрч хоёр адуу хулгайлсан гэх гомдол мэдээлэл Увс аймгийн Тагнуулын газрын мөрдөн байцаах хэлтэст ирсэн юм. Үүний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89, 175, 145 дугаар зүйлд заасан улсын хил зөрчсөн, эд зүйл хил давуулан худалдсан, бусдын эд хөрөнгө хулгайлсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад тухайн өдөр Тэс сумын хоёр иргэн бүлэглэж адуу хулгайлан улсын хил нэвтрүүлэх үедээ ОХУ-ын хилчидтэй тааралдаж тэдний тавьсан шаардлагыг эсэрг үүцсэн юм билээ. Түүгээр зогсохгүй ОХУ-ын иргэн М.Аясын баруун гарын булчинд хутгалж гэмтээгээд “АКС-74” маркийн бууг булаан авч Монгол Улсын хил нэвтэрсэн нь тогтоогдсон. Хилчид осолдсон гэмт хэргийн хувьд уг гомдол мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн очиж шалгахад Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангийн нэг офицер 2014 оны арваннэгдүгээр сарын 29-ний шөнө нас барсан байсан. Энэ нь бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байсан тул энэ сарын 1-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.
-Хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан, ял хойшилсон, тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн хүмүүст тавих хяналт хэр хэрэгжиж байна вэ. Засаг дарга, ИТХ-ын дарга асан нэр бүхий хүмүүс шүүхээс ял шийтгүүлсэн байдаг шүү дээ. Тэдэнд тавих хяналтын хугацаа дууссан уу?
-Бид 2014 онд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн аймгийн төв болон сумуудад байгаа ялтнуудыг өнгөрсөн сард аймагт цуглуулан уулзалт хийж сургалт зохион явуулсан. Энэ үр дүнтэй ажил болсон. Шүүхээр шийтгүүлж ял сонссон ч эргээд хуульд заасан тодорхой хугацаанд захиргааны зөрчил гаргаагүй, гэмт хэрэг дахин үйлдээгүй тохиолдолд ялгүй болно гэдгийг тэдэнд сайн ойлгуулж, сургалтад хамруулсан нь бас л нэг урьдчилан сэргийлэх ажил. Аймгийн Прокурорын газраас 2014 онд торгох болон эд хөрөнгө хураах ялыг бүрэн биелүүлэх зорилт тавьж ажилласны үр дүнд дээрх зорилт 100 хувь хэрэгжсэн. Түүнчлэн насанд хүрээгүй, ял хойшилсон хүүхдүүдэд прокуророос тавих хяналтыг сайжруулахад анхаарч байна. Гол нь тэднийг дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байхад хүүхдийн байгууллагатай хамтран ажилласны дүнд 2014 онд дээрх хүүхдүүдээс давтан гэмт хэрэг үйлдсэн тохиолдол гараагүй. Аймгийн Засаг дарга асан болон ИТХ-ын даргаар ажиллаж байсан нэр бүхий хүмүүс шүүхээр шийтгүүлсэн байдаг. Энэ хүмүүс Улаанбаатар хотод оршин суух хаягтай учраас тухайн дүүрэгт хяналтад орж шүүхийн тогтоол гармагц торгох ялаа биелүүлсэн байдаг.
-Уул уурхайн үйлдвэрлэл дагаад байгаль орчны гэмт хэрэг их гарах болсон. Увс аймгийн хувьд энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа бол?
-Манай аймгийн хувьд хулгайгаар мод тээвэрлэн, зарж борлуулсан хэрэг, хууль бусаар алт олборлох зөрчил гардаг. Энэ чиглэлээр тус прокурорын газраас цагдаагийн байгууллагатай хамтран ажилласны үр дүнд гэмт хэрэг эрс багассан.