Манай улс нано технологиор даавуу үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэхүү даавуу нь ус болон шингэн, хог шороо нэвтрүүлдэггүй, нар, салхинд ганддаггүй, бороо цасанд норохгүй, ялзарч урагддаггүй, амьсгалдаг даавуу юм.
Ийм даавууг олон улсад “ухаалаг даавуу” хэмээн нэрлэдэг байна. Эрдэнэ хотын “Эрдэнэт текс” компанийн ноос угаах үйлдвэр, “Эрдэнэт кашмер” компани, ШУТИС-ийн нано бүрхүүлт даавууны үйлдвэр, “Эрдэнэт хивс” компанийн “Аттила” брэнд хамтран үйлдвэрлэж байгаа аж.
Анх ШУТИС-ийн багш, доктор Р.Мядагмаа Герман улсад 2001-2010 онд өөрийн судалгааны ажлаа эхлүүлж ухаалаг даавууг гарган авах аргыг нээсний дагуу Герман улсын патентын газар баталгаажуулж, олон улсад хэрэглэх эрхийг олгосон байна. Даавууг Герман улсад 800 орчим сая төгрөгөөр захиалан хийлгэсэн шинэ төхөөрөмжөөр үйлдвэрлэж буй бөгөөд цагт 60-300 метр хүртэл даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
Нано даавууг үйлдвэрлэлд нэвтүүлэхийн тулд 2011 оноос хэд хэдэн туршилт хийжээ. Тухайлбал, гэрийн цагаан бүрээсийг гурван өөр газар, гурван айлд өгч туршсан байна. Тэдгээр гэрийн цагаан бүрээс цас, бороо нэвтрүүлэхгүй, хаяаны хэсгээрээ ялзарч урагдахгүй байгааг туршилтаар баталсан байна.
М.Болор