“Нийгмийн халамжид хамрагдагсад болон эмзэг, ядуу бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя” сарын аян болж буй. Үүний хүрээнд хүрээнд НЭМҮТ, АШУҮИС, “Энэрлийн түүчээ” ТББ, “Монголын хөдөлмөр засалчдын холбоо”, Сувилалын 10 дугаар цогцолбор төв, Эпимон эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт, мэдээллийн төв зэрэг байгууллагууд хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарт "Хөдөлгөөн засал”, "Ахуй засал" эмчилгээ зэрэг сэдвүүдээр анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохиолоо.
Анх удаагаа зохиогдсон уг сургалтад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдсөн юм.
Мөн сургалтад хамрагдсан эцэг эх, асран хамгалаагч нар олон санал дэвшүүлснээс манай улсад хөдөлгөөн засал болон ахуй заслын сургалтууд маш хэрэгцээтэй байдаг, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төвийг нэмж байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор нийт 108071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс төрөлхийн 36765, олдмол нь 71306 хүн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харааны бэрхшээлтэй 2 хувь, сонсгол ярианы бэрхшээлтэй нь 16 хувь, тулгуур эрхтний бэрхшээлтэй нь 21 хувь, уналт таталттай 8 хувь, сэтгэцийн эмгэгтэй нь 11 хувь, оюуны хомсдолтой нь 11 хувь, хавсарсан эмгэгүүдтэй нь 31 хувийг тус тус эзэлж байна.
Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 11880 орчим хүүхэд байгаагаас 50 хувь нь ЕБС-д элсэн ордог ч суурь боловсрол эзэмшиж байгаа нь 14 хувь болтлоо буурч байна гэдэг нь судалгаагаар батлагджээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байгаа шалтгаан нь сурах орчин бүрдүүлж өгөөгүй, тэдэнтэй ажиллах мэргэжлийн багш бэлтгэгдээгүй, асаргаа сувилгааны бэрхшээлийг нь шийдээгүй болж сургуульд бүрэн хамрагдаж чаддаггүй байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ахуйн засал эмчилгээ, 60-65 хувьд нь хөдөлгөөн засал эмчилгээ шаардлагатай байдаг боловч одоогоор зөвхөн 10 хувь нь хамрагдаж чаддаг байна. Үлдсэн 90 хувь нь хамрагдаж чадахгүй байгаа шалтгаан нь дүүрэг хороо болгонд хүүхэдтэй ажиллах ахуйн болон хөдөлгөөн заслын төв байдаггүй, хүүхэдтэй ажиллах мэргэжилтнүүд дутмаг байгаатай холбон тайлбарлаж байна.
М.Болорцэцэг