Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан арванхоёрдугаар сарын 10-ныг Хүний эрхийн олон улсын өдөр болгосон түүхтэй. Дэлхий дахинаа 66 дахь жилдээ тэмдэглэж буй энэ өдөрт зориулан жил бүр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас уриалга гаргадаг. Энэ удаа бүтэн жилийн турш өдөр бүр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор “Хүний эрх 365” гэж уриалжээ. Энэ өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) жилийн хугацаанд хийсэн ажлаа өчигдөр тайлагнав. 21 аймагт төлөөний ажилтантай болж, өмнөх жилүүдтэй харьцуулахад олон буюу 260 удаа хяналт, шалгалт хийхэд тэдний шаардлагыг огт биелүүлээгүй болон хайхрамжгүй хандсан зүйл гараагүй гэнэ. Мөн цагдан хорих бүх байранд шалгалт хийн, төвлөрсөн 25 хорих ангид хүний эрхийн сургалт явуулж, томоохон хэд хэдэн судалгаа хийжээ. Түүнчлэн Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн байгууллагуудын дунд “Хүний эрхийн Элчин сайд” төсөл хэрэгжүүлэхээр болоход ХЭҮК хоёр хүнээ нэр дэвшүүлснээс хоёулаа 20 гаруй байгууллагын гишүүдээс сонгосон долоон хүний тоонд багтжээ. Тэд гурван жилийн хугацаанд хүний эрхийн төлөв байдлыг сайжруулахын тулд төсөл хэрэгжүүлнэ. Энэ жилийн бас нэг онцлог нь ХЭҮК гурав дахь удаагаа А статусаар магадлан итгэмжлэгдсэн.
Тус комиссын дарга Ж.Бямбадорж “Олон комисс В статус авах гэж, зарим нь В статусаа А болгох гэж хичээдэг ч чаддаггүй. Манайх гурав дахь удаагаа А статус нь бахархмаар үйл явдал боллоо. Бид үүнийг зүгээр сууж байгаад аваагүй. Энэ бол манай хамт олны 15 жилийн хөдөлмөр, олон улсын байгууллагуудын дэмжлэгийн үр дүн юм” гэв. ХЭҮК-ынхон шалгалтаар зөрчил илрүүлдэг ч зарим тохиолдолд арга хэмжээ авахдаа мухарддаг байна. Тухайлбал, амьдралын боломжгүй, эцэг эхгүй хүүхэд хөдөө малчин айлд зарцлагдаж байгаа тухай мэдээллийн дагуу шалгахад хүүхдийн боловсрол эзэмших эрх нь зөрчигдөж, айлд “боолчлогдсоныг” нь тогтоожээ. Гэвч хүүхдийг тэр айлаас аваад явъя гэхээр хариуцуулаад өгөх төрийн байгууллага байдаггүй гэнэ. Иймээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй хэлэлцээ хийж байгаа аж. Ирэх 2015 он ХЭҮК-ийн хувьд чухал жил. Учир нь тус комисс ирэх оны наймдугаар сард болох Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын ХХ чуулганыг Улаанбаатарт зохион байгуулж, бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудыг хоёр жил удирдах аж. Энэ бол Монголын ХЭҮК-ийг олон улсад хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.
ХЭҮК Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран жил бүр сэтгүүлчдийн дунд нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарладаг. Энэ удаагийнхыг “Хүний эрхийн хамгаалагч” сэдвээр зарласнаас манай Э.Эрдэнэцэцэгийн болзооны хүчирхийллийн тухай “Болзооноос болгоомжил” бүтээл гуравдугаар байр эзэллээ. Нэгдүгээр байрт “Монголын үнэн” сонины сэтгүүлч Б.Цэцэгдэлгэрийн “Бамбайгүй хамгаалагчид”, хоёрдугаар байрт 24 цаг сайтын сэтгүүлч Д.Идэржаргалын “Монгол хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалъя” цуврал нийтлэл шалгарсан юм. Мөн “Хүний эрхийн тусгал” гэрэл зургийн уралдааны шилдгүүдийг тодруулав. Тус уралдаанд 19 хүний 163 бүтээл ирүүлснээс Г.Өнөболд “Тэр өөрийгөө ялсан” бүтээлээрээ тэргүүлэв.
Э.ЦЭЦЭН