Залуучуудын үе тэнгийн боловсрол үндэсний сүлжээ, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг хамтран энэ сарын 1-10-нд “Залуучуудын гэр бүлийн боловсролыг дэмжье” 10 хоногийн аян зохион байгуулсан байна. Учир нь өсвөр насанд тогтсон зан үйл нас баралтын шалтгаан болдог нь судалгаагаар тогтоогдсон аж. Аян зохион байгуулагчид сэтгүүлчдэд хийсэн ажлаа өчигдөр тайлагналаа. Аяны хүрээнд оюутан, сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаар сургалт явуулж, “Татах Хүч” сэдэвт театрчилсан тоглолт зохион байгуулсан байна. Улаанбаатарт 2011, орон нутагт 3500 хүнд хүрч ажилласнаа тэд хэллээ. Түүнчлэн аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасахгүй байх, хичээлийн хөтөлбөрийг сайжруулах зөвлөмж гаргав. Мөн сурагч, оюутнуудад үйлчлэх эрүүл мэндийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэх, их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг сонгон судлах хэлбэрээр оруулахыг зөвлөлөө.