БСШУ-ы сайд Л.Гантөмөр дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч Финлянд улсын эрдэмтдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Л.Гантөмөр сайд тэднээс багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд сүүлийн хоёр жил хийсэн ажилд мэргэжлийн дүгнэлт хийх, мөн хөгжмийн боловсрол, номын сан, кино сургалтад хэрхэн ашиглах талаар туршлага судлахыг хүссэн байна. Харин Финляндын төлөөлөгчид Монголын боловсролын бодлого хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэж байгаа нь дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн зөв алхам гэдгийг онцлов. Мөн боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангахын тулд сайн багш, сайн туршлага судлан нэвтрүүлэх нь чухал гэлээ. Уулзалтын үр дүнд тус сургуультай хамтран Монголын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг боловсруулах, багш солилцоо, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны ажлууд хийхээр тохиролцов.