Хүний эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), "Хүний эрхийн төлөөх залуучууд" бүлгэмээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Хүний эрх-365" өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр "Хүний эрх" богино хэмжээний киног сурагчдад үзүүлж, "Би эрхээ мэдэж, үүргээ биелүүлдэг сурагч" эсээ бичлэгийн уралдааны дүнг танилцуулав. Мөн "Хүний эрхэд ээлтэй сургууль", "Хүний эрхийн хана" багш, сурагчдын оролцоотой чөлөөт арга хэмжээ, "Хүний эрх-Хүүхдийн нүдээр" нээлттэй микрофон аялуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгууллаа. Түүнчлэн "Хүний эрхийн тусгал" гэрэл зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүдээр бичил үзэсгэлэн гаргасан юм. Үүнээс гадна ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг УЕПГ, ШШГЕГ, Хууль сахиулах их сургуульд комиссоос эрхлэн, эмхэтгэн хэвлүүлсэн хүний эрхийн ном, товхимлуудыг гардууллаа.
Мөн нийслэлийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйчилгээг хурдан шуурхай олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн стандартыг мөрдүүлэн ажиллах чиглэлээр хамтран ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг шагнав. Тодруулбал, нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Б.Оргодол, нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгорыг шагналаа.