Улсын Их Хурлын дарга З.Энхболд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч ноён Аксел ван Тротсенбург тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Энэхүү уулзалтаар Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, Дэлхийн банкнаас цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцсон юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа "Тогтвортой амьжиргаа-3" төслийг хэрэгжүүлэх эрхийг нь нээж өгөөд байна. Бусад төслүүдийн хувьд шинэ Засгийн газар байгуулагдсан учраас хэлэлцэх боломж бүрдсэн гэлээ. Түүнчлэн энэ онд багтаж УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн олон хууль байгаа. Түүний нэг нь Өрийн удирдлагын тухай хууль юм. Энэ хууль батлагдсанаар олон улсын санхүүгийн нэр томьёо нэгдсэн журмаар хэрэглэгдэх улмаар нэгдсэн ойлголтод хүргэх юм гэлээ. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан төлөөлөгч Юуко Киношитаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр 2014 оны төсвийн байдал, ирэх оны төсвийн төлөв, өрийн удирдлагын асуудлаар харилцан санал солилцлоо. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2014 оны төсөвт тодотгол хийнэ. Мөн 2015 оны төсвийн багцад өөрчлөлт орно. Бид аль болох төсвийн тэлэлтийг зогсоох бодлого барьж буй. Зарим хөөсөрсөн зүйлд анхаарна” гэлээ.