Том оврын автобус явган зорчигчийг дайрч, аминд нь хүрсэн хэрэг өчигдөр 13.00 цагийн орчимд гарлаа. Осол Баянзүрх дүүргийн IV хороо Жуковын музейн ойролцоо гарсан байна. Офицеруудын ордноос хотын төв рүү явж байсан автобус 40-50 насны эрэгтэйг зам хөндлөн гарч явахад нь дайрчээ. “Замын хоёр, гуравдугаар эгнээ машин ихтэй байсан. Гэтэл гэнэт явган зорчигч гарч ирсэн” гэх тайлбарыг автобусны жолооч өгсөн гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Түүнчлэн автобусны тоормосны мөр 2-3 метр байгаагаас харвал автобус хурд хэтрүүлээгүй, 20-30 км/цагийн хурдтай явсан гэнэ. Хүйтний улирал эхэлж, зам, талбай халтиргаатай байгаа тул жолооч, явган зорчигчдыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг нийслэлийн Замын цагдаагийн газраас санууллаа.
Э.ЭРДЭНЭ