Дэлхий даяар нийт 140.000 гаруй ажилтантай, олон улсын томоохон эрчим хүч үйлдвэрлэгч Францын “GDF Suez” компанийн Ази-Номхон далайн бүсийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Марио Савастанотой ярилцлаа. Европын хоёр дахь том байгалийн хий худалдан авагч, цөмөөс бусад эх үүсвэрээр хамгийн их эрчим хүч үйлдвэрлэгч гэсэн тодотголтой “GDF Suez” нь Монгол Улсад “ДЦС-5” барих тендерт бусад компанитай консорциум болж оролцон шалгарч, концессийн гэрээ байгуулсан билээ. Мөн Тавантолгойн ордод барих цахилгаан станцын хөрөнгө оруулагчийн шалгаруулалтад оролцож буй юм. Тус компани өнөөдөр Монгол Улсад төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж буй юм байна.
-Дэлхийн 70 гаруй орны эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг танай компани Монголын зах зээлийг хэрхэн харж байна вэ?
-“GDF Suez” нь дэлхий даяар бизнес эрхэлдэг эрчим хүчний томоохон компани юм. Бид “IPP” буюу эрчим хүчний бие даасан эх үүсвэрийн сүлжээг үүсгэх чиглэлээр түлх үү ажилладаг. Хурдацтай хөгжиж буй Монголын зах зээлд “GDF Suez” компани эрчим хүчний тэргүүний түнш болох зорилттой байгаа. Ер нь манай компани дэлхийн бүх тивд, олон орныг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Бид “ДЦС-5” барих консорциумын гишүүн. Үүнээс гадна Тавантолгойн ордыг түшиглэн барих цахилгаан станцын олон улсын хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалтын сүүлийн шатанд үлдээд байгаа. Сонирхол татсан олон хүчин зүйл Монголд бий. Хөгжлийн болон бусад үзүүлэлтийг нь хэлж байна л даа. Тухайлбал, хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд ажиллахыг дэмжих хандлагатай байна гэж харж байгаа. Монгол бол эрдэс баялгийн арвин нөөцтэй орон. Үүнтэй холбоотойгоор шинээр хэрэгжүүлэх, барихаар төлөвлөж буй дэд бүтцийн төсл үүдийг сонирхож байна. Бид өнд өр үр ашигтай, олон улсын шаардлагa хангасан, эрчим хүчний найдвартай, цэвэр, үр ашигтай шинэ технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх сонирхолтой байна. Бидэнд хангалттай туршлага бий.
-Дулааны цахилгаан станц барихаас гадна эрчим хүчний бусад эх үүсвэрийн чиглэлээр ажиллах сонирхол байна уу?
-Цаашид сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллах сонирхолтой байна.
-Монголын эрчим хүчний салбар эрчимтэй хөгжиж байгаа. Гэхдээ стратегийн гэх утгаараа төрөөс ихээхэн хамааралтай байдаг. Төсөл хэрэгжүүлэх боломж байгаагаас гадна эрсдэл бий гэж харж байна уу?
-Монголд эрчим хүч нь суурь салбар мөн. Гэхдээ зөвхөн Монголд ийм байгаа юм биш. Дэлхийн бусад олон оронд ч адил. “GDF Suez” компанийн баримталдаг гол үнэт зүйл нь тухайн салбартаа урт хугацааны тоглогч байх юм. Мөн төсөл хэрэгжүүлэх тухайн орны эрх ашгийг хүндэтгэн, зорилт, орон нутгийн иргэдийн эрх ашиг, тэдний тавьж буй шаардлагад нийцүүлэн хамтарч ажиллах нь манай компанийн хөгжлийн бас нэг үнэ цэнэ. Тухайлбал, бид тухайн улсад мэргэжилтнүүд болон боловсон хүчнийг бэлтгэхэд нь хувь нэмрээ оруулж ирсэн.
-Цаашид “GDF Suez” компани Монгол Улсын эрчим хүчний салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулах боломжтой вэ?
-Аливаа төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн боломж хангалттай гэж үзэж болно. Төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нэмэгдэж, нөхцөл сайжрах тусам хөрөнгө оруулалтын хэмжээ өснө гэсэн үг.
-“ДЦС-5” барих шалгаруулалтад “GDF Suez” болон Монголын “Newcom” групп, Японы “Sojitz”, БНСУ-ын “Posco” багтсан консорциум ялсан. Энэ станцыг барих тухай ярьж эхлээд 10 гаруй жил болж байгаа. Концессийн гэрээ байгуулснаас хойш төслийн явц удаан байх шиг. Үүнд Монгол Улсаас шалтгаалж буй зүйл бий юү?
-Уг төсөл нь Монгол Улсад их чухал гэдэг нь ойлгомжтой. “ДЦС-5” шиг том бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх явцад янз бүрийн асуудал тулгардаг. Ерөнхийдөө талууд сайн, нягт хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ. Ялангуяа Монголын эрчим хүчний хамгийн анхны том төсөл тул бага зэрэг удааширч буй тал ажиглагдаж байгаа. Гэхдээ Монголын Засгийн газар өөрийн талаас хийх бүхий л зүйлээ цаг хугацаанд нь, бидэнтэй хамтран хийж чадаж байна гэж үзэж байгаа. Төслийн талаар олон жилийн өмнөөс ярьж, урт хугацааны турш хүлээлт үүссэнээс болоод явц удааширсан юм шиг санагдаж байхыг үгүйсгэхгүй. Ер нь концессийн ийм том гэрээний хувьд гарын үсэг зурснаас хойших шатанд талууд хоорондоо зөвшилцөх олон асуудал бий. Үүн дээр Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч аль аль нь идэвхтэй ажиллаж байна. Төслийг аль болох хурдан, үр дүнд хүргэхээр ажиллаж буйг тэмдэглэмээр байна. Манай консорциумын санал хамгийн сайн нь байсан учраас сонгосон болов уу. Бид эрчим хүчний салбарын бүх чиглэлийн эх үүсвэрийг (байгалийн хий, сэргээгдэх, нүүрс, цөмийн эрчим хүч болон бусад) ашиглаж байгаа юм. Тухайн улс орон ямар захиалга өгнө, түүнийх нь дагуу төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Манайх дэлхий даяар нийт 114 орчим гВт-ын суурилагдсан хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрүүд бариад байна. -“ДЦС-5”-ыг хэдий хугацаанд барих боломжтой вэ? -Концессийн гэрээ байгуулснаас хойш хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх тодорхой хугацаа хэрэгтэй. Хөрөнгө оруулалт шийдэгдсэнээс хойш станцын барилга угсралтын ажил гурван жил хагасаас дөрвөн жил үргэлжилнэ. Ер нь “ДЦС-5” шиг 450 мВт хүчин чадалтай станцыг ийм хугацаанд барьдаг. “ДЦС-5”-ын төслийн хувьд талуудын хүчин зүтгэл, бие биенээ ойлгож ажиллах нь л хамгийн чухал юм. Харилцан сайн ойлголцож ажиллаж буйдаа сэтгэл ханамжтай байгаа. Бид Монгол Улсын эрчим хүчний салбарын урт хугацааны тоглогч, найдвартай түнш болох сонирхолтой.
-Агаарын бохирдлоос болж нүүрсний станцуудаас татгалзах хандлага бий. Танай суурилуулах технологи нь байгаль орчинд ээлтэй байх уу?
-Нүүрснээс эрчим хүч гарган авах станцыг “цэвэр” болгох технологи бий. Нүүрс түлж байгаа учраас агаар бохирдуулна гэж ойлгож болохгүй. “ДЦС-5” болон бусад нүүрсний цахилгаан станцыг барихад байгаль орчинд аль болох бага бохирдолтой байх технологи ашиглах боломжтой. Агаарт цацагдах хорт хийн агуулгыг хамгийн бага хэмжээнд байлгах технологи гэсэн үг. Түүнчлэн эрчим хүчний салбараас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэхийг зорино.
-Тавантолгойн цахилгаан станц нь Оюутолгойн баяжуулах үйлдвэр гээд Монголын өмнийн говийг эрчим хүчээр хангах ач холбогдолтой. Танай баг өнгөрсөн сарын эцсээр цахилгаан станцын талбай, усан болон цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн төлөвлөсөн талбайд ажилласан. Газар дээр нь очиж танилцахад ямархуу санагдав?
-Тавантолгойн цахилгаан станц ч ялгаагүй маш чухал төсөл. Монгол Улсын шаардлагыг ханган тендерт оролцож тооцоо, судалгаагаа хийсэн. Өөрөөр хэлбэл, “Posco Energy” болон манай компанийнхан тендерийн саналаа боловсруулан, хамгийн сайн нөхцөлөөр, ямар шийдлээр барьж болох талаар үргэлжлүүлэн ярилцаж байгаа. Эрчим хүчийг хэрэглэх, үйлдвэрлэх гэсэн хоёр том чиглэл бий гэж үзье. Үйлдвэрлэх, хангах талд бид аль болох цэвэр технологи санал болгон, нүүрсийг бүрэн шатаах, сэргээгдэх эрчим хүчний бүх эх үүсвэрийг хөгжүүлэхэд анхаарна. Хэрэглээ талаас нь яривал эрчим хүчний хэмнэлт болон үр ашгийг дээшлүүлэх тал дээр манай компани бас ажиллах сонирхолтой байгаа. Энэ чиглэлээр ажилладаг өөрийн гэсэн том баазтай учраас их хүчин зүтгэл гаргаж чадна. Тиймээс эрчим хүч үйлдвэрлэхээс гадна үр ашигтай хэрэглэх “соёлыг” түгээх ихээхэн туршлага бидэнд бий.
Ц.БОЛОРМАА