Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн ҮЭХ, эмч, ажилтнуудын төлөөлөл өнөөдөр олон нийтэд хандлаа.
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Хан-уул Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын есдүгээр сарын 1-нээс нэмэгдэх ёстой 10 хувийн цалингийн нэмэгдлийг төсөв хүрэхгүй өртэй байгаа гэсэн шалтгаанаар одоо болтол олгоогүй байгаа ажээ.
Тус эмнэлгийн ҮЭ-ийн хорооноос гурван cap гаруйн хугацаанд байгууллагынхаа удирдлага болон холбогдох дээд шатны байгууллагуудад албан хүсэлт, шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа нь цалин багатай эмч, эмнэлгийн ажилтнуудын амьдралд нь хүндээр тусч байгаа гэв. Тиймээс асуудлыг шийдвэрлэж өгөхгүй тохиолдолд хамтын маргаан үүсгэж ажил хаялт хийхэд бэлэн байгаагаа тэд өнөөдөр илэрхийллээ.
Хүйтний эрч чангарч, хөхүүрийн ам наашилсан энэ цаг үед ханиад томуу ихсэж, үүнтэй холбоотой өвчлөл иргэдийн дунд нэмэгдэж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
Ажлын ачаалал ихтэй байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг өөрсдийнхөө төлөө тэмцэхээс өөр аргагүй мухардмал байдалд оруулж байгааг тэд учирлаж байв.
ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн дарга, их эмч С.Наранцэцэг “Ажлын ачаалалтайгаа дүйцсэн цалин хөлсийг өнөөдөр бид авч чадахгүй л явж байна” гэж ярилаа.
Тиймээс энэ асуудлаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Эрүүл мэнд,Спортын Яаманд хандаж албан шаардлага хүргүүлж байна.
М.Болорцэцэг