Нийслэлийн Засаг даргын орлогч нар тэргүүтэй холбогдох албаны төлөөлөгчид АНУ-ын Алабама мужийн Оберн хотын удирдлагуудтай хот төлөвлөлт хийгээд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар танилцах уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Тирза Теннисен танилцуулга хийсэн бол Оберн хотын менежер Чарльз Дагген, Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга Меган Мак Говен нар “Хотын төлөвлөлт ба бүсчлэл”, “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавив. Илтгэлийн гол агуулга нь хувийн хэвшлийнхний зүгээс төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр санал тавьж буй төсөл, хөтөлбөрүүдтэй хариуцсан байгууллагууд цаг алдалгүй танилцаж, үр дүнг нь газар дээр нь очиж үзэх ёстой гэв. Түүнчлэн гаднын хөрөнгө оруулагчдыг татахын тулд цаг алдалгүй шийдвэр гаргадаг байхаас гадна эдийн засгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг ч онцоллоо. Оберн хотын дээд, доод шатны байгууллагууд ямар ч төрлийн тусгай зөвшөөрлийг 2-3 долоо хоногт багтаан гаргадаг байна. Харин манайд ганц бичиг баримт дээр гарын үсэг зуруулахын тулд хэд хэдэн даргын өрөөний үүд сахихаас эхлээд ихээхэн цаг хугацаа алддагийг гадныханхан анзаарчээ. Тиймээс энэ хүнд суртлаа юуны түрүүнд арилгахыг зөвлөж байна. Мөн тэд хот төлөвлөлтөө 20 жилээр хийдэг бөгөөд таван жилд нэг удаа хамтарсан зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэн тодотгол хийдэг аж.