Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж, хотын гудамж өнгө өнгийн гэрлэн чимэглэл, гоёмсог гацуураар үзэмж нэмэн байгаа энэ үед Чингисийн талбайд мөсөн гулгуурын талбай байгуулах ажил ч бас эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбай байгуулах ажлыг хоёр дахь жилдээ хийж буй нь энэ. Төв талбайн урд талын тохижилт хийгдээгүй хатуу хучилттай хэсэгт 50х25 метрийн харьцаатайгаар бүтээж буй уг байгууламж нь хувцас солих байртай, бас хөгжим, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдсэн байх гэнэ. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа өнгөрөөхөөс гадна янз бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой аж. Мөсөн талбайг энэ сарын 16 буюу ирэх мягмар гаригт нээх бөгөөд ашиглалт, хамгаалалтыг нь нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцаж ажиллах юм байна.