Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ оны улсын төсөвт өөрчлөлт оруулах төслөө УИХ-д өргөн барилаа. Энэхүү төслийг шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотойгоор төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлт, төсвийн хэрэгжилтийн явцад үүссэн шаардлагатай бусад зохицуулалтыг тусгах зорилгоор боловсруулсан юм. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн зардлыг 21.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлыг 0.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгажээ. Мөн Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт хэд хэдэн өөрчлөлт орохоор байна. Үүнд, тус санд ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Ерөнхий сайд болгон өөрчлөхөөр байгаа юм. Мөн Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан авсан 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн хүүд 2014 онд бэлэн мөнгөөр 15 сая ам.доллар, татварын орлогоор 3.5 сая нийт 18.5 сая ам.долларын төлсөнтэй холбоотой зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7.4 тэрбум төгрөгөөр нэмж батлуулахаар тусгажээ.