Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Н.Батцэрэг “Ногоон хүрэм” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгааныг тодруулахад тус яамны Ойн хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ хөтөлбөр нь санхүүжилт болон технологийн шийдэл дутмаг байснаас болоод хэрэгжилт хангалтгүй байгаа. Ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулахад зориулан жилд 200 сая төгрөг төсвөөс өгдөг ч бид заавал төсөв харж суухгүйгээр БНСУ-ын санхүүжилтээр Төв, Өмнөговь аймгуудад тодорхой төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Цаашид агро-ойн аж ахуйн үндсийг тавих, одоогоор ойн сангийн 3 хувийг хариуцан хамгаалж нөхөн сэргээж байгаа ойн нөхөрлөлийг дэмжиж өргөжүүлэхээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан гэсэн хариулт өгөв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бодлогын баримт бичиг нь Ойн тухай хуультайгаа уялдаатай байхад анхаарах, ойн менежментийг шинэ шатанд гаргах зохицуулалтыг тусгаж өгөх, манай орны ойн 70 хувь нь хөгширсөн, цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай гэсэн судалгаа дүгнэлт байгаа учраас энэ ажлыг хэрэгцээтэйгээ уялдуулж орон нутгийн нөхцөл байдалд зохицуулж зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.