Нэгдсэн хуралдаанаар “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, Үндэсний тогтолцоог Хүний эрхийн Үндэсний Комиссыг түшиглэн байгуулах бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор баривчлах болон цагдан хорих байр, хорих ангиудад ямар ч үед саадгүй нэвтэрч, тогтмол хяналт тавих, шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзаж, ярилцах нөхцөл бүрдүүлэх тухай, соёрхон батлах/-ийг хэлэлцэв. Хууль зүй, дотоод хэргийн сайдын /хуучин нэрээр/ 2008 оны 92 дугаар тушаалаар нэмэлт Протоколыг судалж, нэгдэн орох асуудлаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсэг уг асуудлыг судалж үзсэний үндсэн дээр тус Протоколд нэгдэн орох нь зүйтэй гэж үзэн, түүнд заасан үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагын чиг үүргийг Хүний эрхийн Үндэсний Комисст хариуцуулахаар тогтож, холбогдох хуулийн төслийг боловсруулсан байна. Гишүүдийн зүгээс гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг удаан хугацаанд барьж хорьж байгаад шүүмжлэлтэй хандаж, хэрэгтэнд хэрцгий, хүнлэг бусаар хандаж, доромжлох асуудал байгаад иж бүрэн судалгаа хийсэн эсэх талаар тодотгож байсан юм. Хууль зүйн сайд Д.Дорлигжав өгсөн тайлбартаа, олон оролцогчтой хэргийн хувьд ийм асуудал бий. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шинжээч дүгнэлт гаргана гэж байдаг. Гэтэл шинжээч олддоггүй. Арай гэж шинжээч томилоход бүрэлдэхүүн хэрэг болдог, мөнгө нь хүрдэггүй. Гэхдээ хуулийн хугацаандаа багтаадаг. Удаан хугацаанд барьж хорьж байна гэж шүүмжилж байгаа бол энэ нь хуулийн асуудал” гэв. Харин Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, хэрэгтэнг хорих хуулийн хугацааг хэтрүүлж байгаа. Хугацаа нь дуусангуут шинэ хэрэг илэрсэн гээд хоёр гурван жил дамнуулан хорьдог” гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Тлейхан, Х.Тэмүүжин, Н.Батцэрэг нар конвенцид нэгдэж орохыг дэмжиж байгаагаа илэрхийлэн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс конвенцид нэгдэн орсноор тодорхой үүрэг хүлээнэ. Иймд хамгийн гол нь конвенцийг хэрэгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэж байсан юм.