Шинээр эмхлэн байгуулсан Засгийн газар томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого чиглэлийг боловсруулах, уялдаа холбоог нь хангаж ажиллах Монгол Улсын сайдаар Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч М.Энхсайханыг томилсон. Түүнд эхний ээлжинд “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээрийг хийх, Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулах даалгавар өгчээ.
Тавантолгойн ордод нүүрс угаах үйлдвэр байгуулах, төмөр зам тавих, “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдах аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад нэг консорциум, мөн ганц компани оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ихээхэн удааширч буй. Тэгвэл М.Энхсайхан саяхан хаалттай хүрээнд хийсэн уулзалтынхаа үеэр “Оюутолгойн далд уурхайн санхүүжилт, ойлголцлын зөрүүнээс үүдэж гацсан. Хэлэлцээрийн ширээний ард нэг, хоёр удаа суугаад санхүүжилтийг нь шуурхай эхлүүлэх боломжтой” гэж ярьсан юм.
Т.БАТ