Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 234 эмч, мэргэжилтэн ажил хаях болсон тухайгаа өчигдөр мэдэгдлээ. Төрийн албан хаагчдын цалингийн худалдан авах чадварыг нөхөх зорилгоор Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн улсын гурван талт хэлэлцээрийн хүрээнд Засгийн газрын энэ оны 75 дугаар тогтоолоор эрүүл мэнд, боловсрол, соёл зэрэг салбар бүрийн цалинг нэмэгдүүлсэн. Энэ дагуу 2014 оны хоёрдугаар сарын 17-нд Эрүүл мэндийн яам (хуучнаар), Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл төсвийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн цалинг хоёр үе шаттай нэмсэн. Гэвч өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хойш тус эмнэлгийн ажилтнуудад 10 хувийн нэмэгдлийг нь одоо болтол олгоогүй аж.
Тус эмнэлгийнхэн байгууллагынхаа удирдлага болон Үйлдвэрчний эвлэлийн хороондоо удаа дараа албан хүсэлт тавьсан ч төсөв хүрэлцэхгүй, өртэй гэсэн шалтгаанаар асуудлыг нь шийдвэрлээгүй өдийг хүрчээ. Түүнчлэн эмч нар Засгийн газрын 150 дугаар тогтоолоор баталсан улирлын үр дүнгийн урамшууллаа ч аваагүйгээс гадна цалингаас нь дур мэдэн төлбөр хураамж суутгаж байгаа гэдгийг эмч нар ярив. Тиймээс эмч, ажилтнууд цалингийн асуудлыг нь энэ сарын 17-ноос өмнө шийдвэрлэж, нөхөн олговор өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдсэн юм.
Тус эмнэлгийн дурангийн их эмч С.Наранцэцэг “Манай эмнэлэг анх 56 мянган хүнд үйлчлэх хүчин УУчадалтай байгуулагдаж байсан. Одоо 130 мянган иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Ачаалал гурав дахин нэмэгдсэн. Амбулаториор өдөрт хамгийн багадаа 300-400 хүн үйлчлүүлдэг. Тасаг бүрийн үүдэнд хүмүүсийн урт дараалал үүсчихсэн байгааг та бүхэн харж байна. Ийм нөхцөлд эмч, ажилтнууд 500-600 мянган төгрөгийн л цалин авдаг. Энэ нь томоохон уул уурхайн компанийн цэвэрлэгчийн цалингаас ч бага гэсэн үг. Бид цалингаа нэмүүлье, ачааллаа дийлэхгүй байна гэж хэл ам татлаагүй. Засгийн газраас шийдвэрлэсэн хууль тогтоомжийн дагуу цалингаа бүтнээр нь авахыг л хүсэж байна” гэсэн юм.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо (МЭМАҮЭХ)-ны дарга Б.Мягмар тус эмнэлгийн эмч, ажилтнуудтай ирж уулзсан юм. Тэрбээр “Зөв төлөвлөж, зарцуулж чадаагүй төсвийн золиос нь эмч нар байх ёсгүй. Цалинг нь бүтэн өгөхгүй байгаагаас болоод эмч, ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж, улмаар эмчилгээ, үйлчилгээний чанарыг муутгах эрсдэлтэй. Иймээс эмч нар эрхээ хамгаалж, тэмцэхээс өөр аргагүй” гэдгийг онцолсон. Энэ асуудлаар МЭМАҮЭХ Эрүүл мэнд, спортын яам болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт албан шаардлага хүргүүлж буй аж. Гэсэн ч эмч нар өргөсөн тангаргаа зөрчин, нэг өдөр шууд ажил хаячихгүй гэдгээ хэлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс бусад улсын эмнэлэг эмч, ажилтнуудынхаа цалингийн нэмэгдлийг олгож буй аж. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрынхнаас тодруулахад “Манайх Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн санхүүжилтийг эмч, ажилтнуудынх нь орон тоогоор бүрэн олгосон. Ингэхдээ эмч нарынх нь нэмэгдэл цалин болон нөхөн олговрыг нь давхар шийдвэрлэсэн. Энэ талаар эмнэлгийнх нь Үйлдвэрчний эвлэлд албан бичиг хүргүүлсэн байгаа. Эрүүл мэнд, спортын яам болон нийслэлийн ЭМГ, дүүргийн ЗДТГ-тай ямар ч холбоогүй” гэсэн юм.
Төсөв мөнгийг нь бүрэн шилжүүлсэн байхад эмнэлгийн удирдлагууд нь эмч нарынхаа цалингийн нэмэгдлийг гурван сар олгоогүй нь хачирхалтай. Эмч, ажилтнуудын ярьж буйгаар эмнэлгийнх нь удирдлагууд эдийн засгийн хүнд үеийг далимдуулан “Төсөв хүрэлцэхгүй, өртэй” гэсэн шалтгаанаар мөнгийг нь өгөхгүй, завшиж байхыг ч үгүйсгэхгүй гэнэ.
О.БАТ-УНДРАХ