Улс орны түүхийг сэтгүүл зүйн салбарын түүхтэй хамт тэрлэж, олонд танигдаж, хүндлэгдсэн гавьяатууд Дархан-Уул аймагт цугларлаа. Амьдралын олон өнгөнөөс үнэнийг эрж хайлцан, түүх, соёлын амьд гэрч болж явсан Монголын сэтгүүл зүйн ноён оргилуудын хамгийн ахмад нь 80 гаруй настай, нийгэм улс төр, хэвлэл мэдээлэл, боловсролын салбарынхан дунд дарга, эрхлэгч, багш хэмээн хүндлэгддэг Х.Цэвлээ, хагас зуун жил өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, МҮОНТ-ийн үзэгчдийн танил болсон, нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа нар байсан бол хамгийн залуу нь МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал байв. Зорилго тэмүүлэл, од хийморьтой залуу нас, үнэтэй цаг хугацаагаа үнэний эрэлд зориулж, зөвийг дэмжиж, урам, магтаал бэлэглэн, бусдыг алдаршуулж явсан болохоос өөрсдийнхөө алдрыг дуудуулж байгаагүй сэтгүүл зүйн гавьяатуудыг залсан хүндэтгэлийн тайз бол “Ган үзэгтэн” арга хэмжээ.
Энэхүү арга хэмжээг Монголын сэтгүүлчдийн эвлэл болон Дархан-Уул аймгийн салбар зөвлөл, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн ЗДТГ хамтран санаачилж, “Залуучууд” театрт “Уншигч-сурвалжлагч” уулзалт зохион байгуулсан юм. 102 дахь жилийнхээ түүхийг бичиж буй Монголын сэтгүүл зүйн салбараас 100 гаруй сэтгүүлч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байдаг. Энэ баримт нь эрч хүч, эр зориг, хурд хүч, тэсвэр тэвчээр, авьяас шаарддаг энэ фронтоос баргийн хүн гавьяат сэтгүүлч гэх алдар хүртдэггүйг, эл шагнал өөрөө ямар өндөр шалгууртай болохыг гэрчилнэ. Юутай ч энэхүү уулзалтад залуучууддаа үлгэр болж, үзэг, үнэний учиг хоёроос одоо ч хойш суугаагүй сэтгүүл зүйн салбарын хэд хэдэн үеийнхэн цугларчээ. Тухайлбал, Монголын радиогийн даргаар олон жил ажилласан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Пүрэвдаш, Н.Даариймаа, доктор, профессор Т.Баасансүрэн, Л.Гүнсэн, М.Шийрэв болон Г.Чулуунбат, Д.Шагдарсүрэн, Ш.Ёолк, Ө.Рагчаасүрэн, Т.Бямбадорж, С.Зэвсэг, Б.Дашзэвэг, Сан.Пүрэв, Б.Галаарид, Б.Монголхүү нар.
“Уншигч-сурвалжлагч” уулзалтыг нээж Х.Цэвлээ гуай “Бид хүнийг магтаж, алдаршуулж явсан болохоос өөрсдөө тайзан дээр гарч, түмэн олны өмнө хамаг сайн сайхнаараа дуудуулж, сэтгэлийнхээ үгийг хэлж байсан удаагүй. Өдий наслахдаа олон удаа баярлаж, сэтгэл хөөрч, нулимс унагаж явсан ч өнөөдрийнх шиг өвөрмөц баярлаж үзээгүй шиг санагдаж байна. Энэ томилолт хамгийн содон томилолт байлаа. Дархан хот миний ажил, амьдралтай салшгүй холбоотой. Дархан 1961 онд байгуулагдсан бол би 1963 онд дадлага хийхээр Дарханы САА-д ирж, тракторын жолоо мушгиж явлаа. Үүнээс хойш олон удаа ирсэн. “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр томилогдоод анхны сурвалжлагаа Дарханы САА-гаас бэлтгэсэн. Энэ сурвалжлага сонины маань 1980 оны дөрөвдүгээр сарын 23-ны №88-д бий. Хожим 1980-аад оны сүүлчээр Шарын голын уурхайгаас “Хүний хийсэн нүгэлт үйлдлийг техникт нялзааж болохгүй” гарчигтай сурвалжлага бэлтгэн, шуугиан тарьж байснаа санаж байна. Дархан бол надад сэтгүүлчийн хувьд агаар нэмж, ташуур өгч, урам засаж явсан сайхан хот” хэмээн хэлсэн бол МҮОНТВ гэх том айлд зууны талыг элээсэн сэтгүүлч Д.Амбасэлмаа залуудаа Дарханы МХЗЭ-ийн байгууллагад ажиллаж байсан цаг үеэ дурссан юм. Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болж яваа гавьяатууд “Уншигч-сурвалжлагч” уулзалтад хүрэлцэн ирсэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан-Уул дахь салбар сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутнууд болон утга зохиолын ажилтан, сэтгүүл зүйн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхэд залууст “Сэтгүүлчид үнэнийг эрж, үйл явдлыг үнэнээр нь бичдэг хүмүүс. Сэтгүүлчийн ажил асар их хариуцлага шаарддаг. Томилолтын сурвалжлага бүхэн эзнээ цоо шинэ, том шалгуурын өмнө аваачдаг. Сэтгүүлч хүн бусдыг шүүмжилдэг шигээ өөрсдөө шүүмжлэл сонсож, хүнд байх ёстой хамгийн сайхан зан чанарыг эзэмших ёстой. Энэ ажлыг ийм л хүн хийж чадна” хэмээн захиж байв.
Шоргоолж шиг хөдөлмөрлөдөг энэ фронтынхонд цаг зав хомс байдаг тул салбараасаа төрсөн гавьяатууддаа хүндэтгэл үзүүлж амжаагүй явсан гэвэл итгэх хүн ховор байх. Гэвч энэ үнэн. Юутай ч энэ удаа төрд гавьяагаа үнэлүүлж, түмэн олонд алдраа дуурсгасан сэтгүүл зүйн ноён оргилууд Дарханд цуглаж, уншигч, үзэгчидтэйгээ уулзаж, бас Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Дархан дахь салбар зөвлөлийн шинэ жилийн арга хэмжээнд оролцов. Энэ сарын 6-ны үдэш болсон арга хэмжээ магадгүй 2015 оны хамгийн анхны шинэ жилийн арга хэмжээ болсон байж мэднэ. Энэ үеэр Дархан-Уул аймгийн ВВC телевизийн сэтгүүлч Б.Тэгшжаргал аймгийнхаа “Шилдгийн шилдэг сэтгүүлч”-ээр шалгарсан бол ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Түвшинжаргал Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа.
Д.ОТГОО