Шинэ жилийн баяр дөхөхөөр цагдаагийн байгууллагаас иргэдэд пиротехникийн хэрэгсэл буюу салют, энэ төрлийн зүйлсийг хэрэглэхгүй байхыг анхааруулж, Нийслэлийн Засаг даргын захирамж, НИТХ-аас тогтоол гарган хэрэгжүүлдэг. Харин бизнес эрхлэгчид нууцаар зарж борлуулж, иргэд үүнийг нь худалдан авсаны улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэх тохиолдол олон гардаг.
Шинэ жилийн тухай дуунууд нийслэлийн гудамж, талбайд эгшиглэж, тэнгэр өөр салют буудуулж өнгө өнгийн гэрэл цацрах тэр л торгон агшин ойртож буй. Угтан ирж буй болон улиран одох хоёр оны солигдох мөчид айл өрх, албан байгууллага, нийслэл, цаашлаад улс даяараа оргилуун дарсны бөглөө мулталж, олонхи нь салют буудуулж баярладаг. Энэхүү торгон мөчийг хүн бүр тэсч ядан хүлээж байгаа. Гэвч “Шинэ он гарлаа” хэмээн баярлан дуулалдахын сацуу зарим нь эрүүл мэндээрээ хохирч, насан туршдаа тахир татуу болох нь бий. Өөрөөр хэлбэл, салют буудуулж байгаад гараа түлсэн, тайруулсан, улмаар амиа хүртэл алдсан тухай мэдээлэл шинэ оны анхны өглөө дуулддаг нь харамсалтай.
Сайхан баярлах гэж хөл хөөр болж байсан хором агшнаа санаадгүй агшнаас болж азгүй тохиолдолд өртөж бэртэж гэмтэхийг хэн хүсэх билээ.
Шинэ жилийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоож, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтэнд цагдаагийн байгууллагаас тавих хяналтыг мөн эрчимжүүлэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, тасаг, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн алба хаагчид хамтран ажиллаж байна.
Монголд энэ төрлийн үйлчилгээ явуулдаг "Очир-Ундраа", "Протек" гэсэн мэргэжлийн байгууллагууд ч ажиллаж байгаа юм. Танд болон таны албан байгууллага энэ төрлийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг газруудаас тусламж авах, шинэ жилийн баяраараа хууль бусаар худалдаа эрхэлсэн хүмүүсийн зарж борлуулсан пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
М.Болорцэцэг