УИХ-ын гишүүд Төрийн ордны гаднах автомашины зогсоолыг өмчиллөө гэх яриа өчигдрийг эхлүүлсэн гэхэд болно. Учир нь Төрийн ордны баруун талын зогсоолд зөвхөн УИХ-ын гишүүд л автомашинаа байрлуулахаар болж, анхааруулах тэмдэг зоожээ. Ингэснээр нөгөө талын зогсоол дүүрч, зарим нь машинаа хашааны гадна арайхийн орхисондоо бухимдаж байсан юм. Гэвч нэг талд машин нь багталцаж ядаж байхад, гишүүдэд “өмчлүүлсэн” нөгөө тал нь хоосон шахуу байсан шударга бус гэмээр байдлын талаар Төрийн ордны хамгаалалтын албаныхнаас тодруулахад, хэдэн тоот албан бичгээр, чухам ямар дүрэм, журам гарсныг хэрэгжүүлж буйгаа тодорхой тайлбарлаагүй ч УИХ-ын Тамгын газраас чиглэл өгснийг хэллээ. Тиймээс энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодруулахад “Бид ямар нэг дүрэм, журам гаргаагүй. Үүнд бид ямар ч хамаагүй, оролцох ч эрхгүй. Төрийн ордны барилга, байшин, хашаа, аж ахуйтай холбоотой эл асуудлыг Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрынхан мэднэ” гэсэн юм.
Харин Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын албаны эх сурвалж “Дээрх шийдвэртэй ямар ч холбоогүй. Бид зөвхөн тэр зогсоолын хог, цасыг л цэвэрлэдэг хүмүүс шүү дээ” хэмээлээ. Ийнхүү бие бие рүүгээ түлхэж, тодорхой хариулт өгөх хүн гарсангүй. Гэхдээ Төрийн ордны Хамгаалалтын алба хэн нэгний чиглэл, зааваргүйгээр, сайн дураараа ийм арга хэмжээ авахгүй нь ойлгомжтой. Ордны баруун, зүүн талд тус бүр 80 автомашины зогсоол бий. Төрийн ордны хашаанд автомашинтай нэвтрэхэд хоёр төрлийн зөвшөөрөл олгодог. Нэг нь ордонд ажиллагсдад олгодог зогсоолд автомашинаа байршуулах зөвшөөрөл. Нөгөө нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтан Төрийн ордонд болж буй хурал, зөвлөгөөнд оролцох үед автомашинтай түр нэвтрэх зөвшөөрөл юм.
Энд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон тэдгээрийн Тамгын газар, Хэрэг эрхлэх газар, Ажлын албаны 1000 гаруй хүн ажилладаг. Бичигдсэн дүрэм журам үгүй ч УИХ-ын гишүүд, Тамгын газрынхан ордны баруун талд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан зүүн талд автомашинаа байрлуулж ирсэн жишигтэй. Харин энэ дэгийг эвдэж, өөртөө зогсоол өмчлөх хүсэл УИХ-ын нэр бүхиий эмэгтэй гишүүдээс эхлэлтэйг баттай эх сурвалж мэдээлсэн. Мөн УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдааны үеэр автомашины зогсоолтой холбоотой гомдол гарч, УИХ-ын дарга үүнийг зохицуулах арга хэмжээ авах чиглэл өгсөн гэх мэдээлэл ч байна.
Дашрамд дурдахад, энэ оны зургадугаар сард дээрх асуудал мөн хөндөгдсөн юм. УИХ-ын гишүүн Б.Болор зогсоол олдохгүй байна гэж Бүлгийн хуралдааны үеэр гомдоллосноор гишүүдэд Төрийн ордны баруун талын талбайг өмчлүүлэх нь хэмээн ярьж байв. Үүнээс гадна ордны гаднах зогсоолд зөвхөн газар, хэлтсийн дарга, түүнээс дээш албан тушаалтнууд автомашинаа байрлуулах эрхтэй болох нь гэсэн мэдээлэл гарч байсан юм. Тухайн үед энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодруулахад үгүйсгээгүй. Тэрбээр энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран судалж буй хэмээсэн бөгөөд тэр үед зогсоолыг будгаар хязгаарлаж, зарим гишүүний автомашины дугаарыг тэмдэглэсэн билээ.