Монголын анхны чөлөөт, өдөр тутмын хувийн сониныг үүсгэн байгуулагч, орчин цагийн сэтгүүл зүйн оюун санааны эцэг гэгддэг нэрт сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж эрхлэгчийн маань төрөлх сургууль Улаанбаатар хотоос 33 км-ийн зайд бий. Түүний сурч байсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 88 дугаар сургуулийг одоогоос таван жилийн өмнө Ц.Балдоржийн нэрэмжит болгосноос хойш манайхан хамтын ажиллагаагаа улам бэхжүүлсээр ирэв. Тус сургуулийн 50 жилийн ой өнгөрсөн наймдугаар сарын 15-нд тохиоход 88-аар овоглосон төр, нийгмийн олон зүтгэлтэн оролцсоны дотор “Балдорж” сангийнхан ч тэдний баярыг давхар хуваалцсан юм.
Энэ үеэр тус сангийнхан 88 дугаар сургуулийг телевизийн орчин үеийн студитэй болгохоор амласныг өчигдөр ажил хэрэг болголоо. Ингэснээр эднийх Монголдоо телевизийн студитэй анхны сургууль болж буй юм. Хоёр камер, гурван монитор, өсгөгч, микрофон гээд телевизийн студид байх ёстой бүхий л тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, албан ёсоор нээсэн нь энэ. Студийн нээлтэд “Балдорж” сангийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтүшиг, тус сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баярмагнай болон 88 дугаар сургуулийн удирдлагууд, багш, сурагчид оролцсон юм.
Тус сургуулийн захирал С.Гэрэл “Энэ албан тушаалд томилогдоод удаагүй байгаа ч манай сургуулийг Ц.Балдорж агсны нэрэмжит болгосноос хойш өргөө маань өнгө нэмэх болсон. Өмнө нь хүүхдүүд өвлийн хүйтэнд гадаа бие засдаг байсан юм билээ. Харин Ц.Балдоржийн хүүхдүүд, ах дүү нар нь манай сургуульд 40 орчим сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэн, гүний худагтай болгож, цэвэр, бохир усны асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн. Манай сургууль хэдийгээр Баянзүрх дүүргийнх гэгддэг ч нийслэлээс алслагдсан хороололд байдаг. Телевизийн зургаахан суваг гардаг. МХЕГ-ын дөрвөн удаагийн дүгнэлт гарснаар хүүхдүүд спорт зааландаа хичээллэхээ болиод зургаан жил болж байна. Зун биеийн тамирын хичээлийг гадаа заадаг байсан бол одоо ямар ч боломжгүй болсон. Гэсэн ч манай хүүхдүүд нийслэл, дүүргийн спортын наадмуудад бүх төрлөөр амжилттай оролцдог. Энэ хороололд хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ганц газар нь сургууль нь. Ийм үед студи нээж өгсөн нь нүдээ олсон ажил боллоо. Цаашид сурагчид студидээ нэвтрүүлэг, сурвалжлагаа бэлдэж, ирээд үйд эндээс мундаг сэтгүүлч, зураглаач, хөтлөгч төрнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
“Балдорж” сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баярмагнай “Цаашид 88 дугаар сургуулийнхантайгаа хамтран олон ажил хэрэгжүүлнэ. Хонхорын өртөө орон нутгийн телевизгүй юм билээ. Хүүхдүүдээ бэлтгээд, энэ студидээ түшиглэн орон нутгийн телевиз байгуулсан ч болохгүй зүйл үгүй. Өөрөөр хэлбэл, энэ студийн тоног төхөөрөмж нь тэр хэмжээний хүчин чадалтай гэсэн үг. Сурагчид өөрсдөө нэвтрүүлэг бэлтгээд “25 дугаар суваг” телевизийн ах, эгч нартаа өгөхөд гаргаад л өгнө. Сэтг үүл зүйн бүх чиглэлээр хүүхд үүдийг сургаж, дэмжиж, туслах болно” гэж хэлэв.
О.БАТ-УНДРАХ