Банк хэмээх их мөнгөний “сав” иргэд, байгууллагын итгэлцэл дээр тогтож, хамтран ажилласны дүнд хэн хэн нь харилцан ашигтай үлддэг. Тиймдээ ч мөнгөө авдартаа хадгалж, “хоёрхон хулганад идүүлчихгүйн” тулд иргэд банкийг илүүд үзэх болсон. Гэтэл хулганаас илүү хор уршиг таригч эрхмүүд банкуудад шургалан салбарынхаа нэр хүндийг унагаж, иргэдийн итгэлийг эвдэх тохиолдол нэг бус удаа гарч байна. Олны анхааралд байсан ийм жишээ бол “Анод” банкны удирдлагатай холбоотой үйлдэл байсныг хүн бүр мэднэ. Тэдний дэргэд хэдийгээр жижиг мэт санагдавч иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироох явдал банкныхан дунд байсаар байна. Тухайлбал, ХААН банкны “Оргил” салбарын ахлах теллер Ж.Золжаргал гэхэд хуурамч баримт бүрдүүлж, иргэдийн хадгаламж барьцаалан банкнаасаа 215 сая төгрөг хувьдаа авсан. “Голомт” банкны Өмнөговь аймаг дахь салбарын эдийн засагч эмэгтэй мөн л хуурамч баримтаар мөнгө завшиж байсан, “Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов бас л банкаа залилсан, “Капитал” банкны теллер Х.Мандах мөн л ийм хэргээр ял шийтгүүлсэн гээд тоочвол нэлээд урт жагсаалт гарна. Бид энэ удаад “Хадгаламж” банкны Төрийн ордон дахь салбарын захиралд холбогдох хэргээс уншигчдадаа хүргэе.
САЛБАРЫН ЗАХИРЛЫН ШАХАЛТ ХУУЛЬ ЗӨРЧИХӨД ХҮРГЭЖЭЭ
“Хадгаламж” банк хэдэн жилийн өмнө санхүүгийн эрсдэлд орж, “Жаст” группийн эзэн нь хэрэгтний ширээнд суучихаад байгаа билээ. Харин тухайн үед төр хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг хамгаалах үүднээс өөр банктай нэгтгэн Төрийн банк байгуулсныг уншигчид санаж байгаа нь лавтай. Дээд удирдлагаас гадна зарим салбарын захирал хувьдаа мөнгө завшсан нь “Хадгаламж” банк ингэж эрсдэлд ороход нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тодруулбал, Засгийн газрын ордон дахь тус банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Д.Доржханд 2008 оны арванхоёрдугаар сараас 2010 оны есдүгээр сарын 22 хүртэлх хугацаанд тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгө, валютыг эздийнх нь зөвшөөрөлгүйгээр зээл болгон гаргаж аваад өөрөө завшиж үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон юм. Мөрдөн байцаах байгууллагаас түүнийг иргэдийн 586.9 сая төгрөг, 90302 ам.доллар, 1500 евро гээд нийт 709.3 сая төгрөг завшсаныг тогтоосон аж.
Мөн иргэн И, Б нарыг “Хадгаламжаа барьцаалаад зээл авч өгөөч. Хэд хоногийн дараа эргүүлж хүүтэй нь өгнө” хэмээн багагүй хэмжээний мөнгө залилсан гэж буруутгажээ. Уг хэрэгт Д.Доржхандаас гадна тус салбарын хянагч теллер З.Ганчимэг, теллер Б.Лхамс үрэн нарыг холбогдуулсан юм. Гэхдээ энэ хоёр хүн салбарынхаа захирлын дарамт, шахалт, гуйлтаар ийм хууль бус зүйлд оролцож байснаа мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байна. З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нар “Бид Банкны хууль тогтоомж зөрчсөн нь үнэн. Гэхдээ Төрийн ордны салбарынхаа захирал Д.Доржхандын шахалт, гуйлтаар энэ бүгдэд оролцсон. Түүний үгээр л банкны салбарын үйл ажиллагаа хуулийн дагуу бус, өөр хэв маягаар явагдаж байсан. Зузаатгалын мөнгө дутаад байгаа болон бусад хууль бус үйлдлийн талаар холбогдох газарт нь хэлж мэдэгдье гэхээр Д.Доржханд захирал “Өнөө маргаашгүй зохицуулна. Битгий хэлээч” гэж гуйдаг байсан. Холбогдох газраас шалгалт ирэх үед захирал яаж ийж байгаад аргалаад явуулж байсан. Бид банкны мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй” гэжээ.
ТӨРИЙН ОРДНООС “ОЛДСОН” СУМ
1996 оны сонгуулийн үр дүнд АН олонх болсны дараахан УИХ-ын нэгэн гишүүний өрөөний үүднээс сум олдсон хэмээн дуулиан дэгдэж, эцэстээ эрхэм гишүүн маань нэрнийхээ урд “сум” гэх тодотголтой үлдсэн. Энэ явдлаас хойш Төрийн тусгай хамгаалалттай бүсээс дахиад сум “олдсон” нь дээр өгүүлэн буй хэргийн холбогдогч гэмт үйлдлээ нуухын тулд сэдсэн “жижигхэн” санаа байсан нь батлагджээ. Энэ тухай Төрийн ордон дахь салбар тооцооны төвдөө шалгалт хийсэн “Хадгаламж” банкны ажилтан Б.Батзориг гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2010 оны есдүгээр сарын 22-ны 09.10 цагт Төрийн ордон дахь тооцооны төвийн кассын үлдэгдлийг тоолж шалгах зорилгоор аудитор Дэлгэртөгстэй хамт очсон. Биднийг очиход тооцооны төвийн хаалга хаалттай, үйл ажиллагаа явагдаж буй эсэх нь тодорхойгүй байв. Бид Төрийн ордны хамгаалалтын албаныханд ирсэн зорилгоо мэдэгдээд тооцооны төвийн үүдэнд ажилтнуудыг нь хүлээж байтал захирал Д.Доржханд хоёр ширхэг сум мэт зүйл барьсаар ирсэн” гэж ярьжээ.
-Б.Б: -Кассан дахь бэлэн мөнгөний үлдэгдлийг тоолж шалгахаар ирлээ.
Д.Д: -“Өнөө өглөө манайхаас таван ширхэг сум олдлоо. Тагнуулын байгууллагаас шалгасан. Зөвшөөрөл өгсний дараа үйл ажиллагаагаа эхлээрэй гэсэн. Хянагч теллерийг маань байцаахаар аваад явчихлаа. Нэг теллер маань ээлжийн амралтаа авсан.
Б.Б: -Энэ тухайгаа төв банкинд мэдэгдсэн үү?
Д.Д:- Энд сонсох төхөөрөмж байрлуулсан. Ярих боломжгүй байна, гарч ярилцъя. Төрийн ордонд ийм яриа болж, салбар тооцооны төвдөө оруулаагүй аж. Д.Доржханд өөрийн гэмт үйлдлээ хаацайлахын тулд элдэв арга саам хэрэглэсэн нь нэг их гавьсангүй. Шалгахаар очсон ажилтнууд нарийн учрыг тодруулахаар “Хадгаламж” банкныхаа удирдлагад түүний ярьсныг хэлж, тагнуулын байгууллагаас тодруулахыг хүссэн аж. Тагнуулын ерөнхий газраас тус банкныханд “Төрийн ордноос сум олдсон асуудал огт гараагүй” гэдгийг мэдэгджээ. Үүнээс сэжиг авсан шалгалтын комиссынхон хянагч теллерийг нь утсаар дуудсан боловч мөн л зугтаж байсан гэнэ. Ингэсээр өдрийн тал өнгөрч байтал хянагч теллер З.Ганчимэг ирснээр тооллогын комиссынхон ажлаа хийх боломж бүрдсэн байна. Тоолох үед тэнд 40 гаруй сая төгрөг, 7452 ам.доллар, 1113 юань, 720 евро байжээ. Энэ нь байх ёстой дүнгээсээ 338 сая төгрөг, 63652 ам.доллар, 1500 еврогоор дутсан аж. Нэгэнт тооллого хийгдэж, бүх зүйл тодорхой болсон учраас захирал Д.Доржханд ч хянагч теллерээ утсаар дуудмагц иржээ. Улмаар өрөөг нь битүүмжлэх, кассын орлого, зарлагын баримтыг хураан аваад цагдаагийн байгууллагад хандсанаар “Хадгаламж” банкны 700 гаруй сая төгрөгийг луйвардсан Төрийн ордон дахь салбарын захирлын үйлдэл илэрсэн байна.
ФОРЕКС АРИЛЖААНД ХАМАГ МӨНГӨӨ АЛДСАН УУ
Монголчуудын амар хялбар аргаар мөнгө олох, ашгаа нэмэгдүүлэх гэсэн сэтгэлгээн дээр дөрөөлж, янз бүрийн залилангийн хэрэг гарч байсан. Эдийн засгийн хямрал дэлхий даяар эрчимтэй явагдаж байсан 2008-2009 оны үед манайд “Форекс арилжаанд оролцож их хэмжээний мөнгө олох боломжтой” гэсэн сурталчилгаа хотын төвийн зурагт самбаруудаар дүүрэн байв. Харин арилжаанаас хэчнээн монгол хүн ашиг олж, хэд нь хохирч үлдсэнийг мэдэх хүн үгүй. Хохирч үлдсэн хүмүүсийн тоонд “Хадгаламж” банкны Төрийн ордон дахь салбар тооцооны төвийн захирал асан Д.Доржханд багтсан байхыг үгүйсгэхгүй. Уг нь “Хадгаламж” банк форекс арилжаанд оролцох эрхгүй, оролцдог ч үгүй байж. Харин тус банкны салбараас авсан олон улсын эрхтэй картаар зургаан удаа ийм арилжаанд оролцож, ойролцоогоор 400 мянган ам.доллар алдсан баримт байгаа юм.
Харин энэ олон улсын эрхтэй картууд нь янз бүрийн хүний нэр дээр нээгдсэн ч тухайн эзэмшигч нь барьж ч үзээгүй тохиолдол байгаа юм. Тухайлбал, гэрч Э “Би сард 400 мянган төгрөгийн цалинтай, цалингаас цалингийн хооронд амьдардаг хүн. Гэтэл миний нэр дээр ийм форекс данс нээсэн байх юм. Би ийм данс нээлгэхээр банкинд хандаж байгаагүй, ашиглаж ч үзээгүй. Нэг удаа Д.Доржханд “Чиний нэрээр гадаад эрхтэй карт нээлээ” гэж байсан. Би ч тухайн үед ач холбогдол өгөлг үй өнгөрсөн. Гэтэл ийм арилжаа хийж байж л дээ” гэж мэдүүлжээ. Энэ мэтээр олон хүний данснаас хуурамчаар гарын үсэг зурж, заримд нь хэлж, өөр нэг хэсэгт нь хэлэлгүй мөнгийг нь авсаар 700 гаруй сая төгрөг зувчуулжээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг энэ оны хоёрдугаар сард хэлэлцээд Д.Доржханд энэ хэрэгт ганцаараа гэм буруутай гэж үзэн, 300 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял шийтгэжээ.
Мөн “Хадгаламж” банкинд учруулсан 700 гаруй сая төгрөгийн хохирлыг түүнээс гаргуулахаар болсон байна. Түүний эзэмшлийн орон сууцууд, автомашин, бусад эд хөрөнгийг нь хохиролд тооцуулахаар шүүхийн тогтоолд дурджээ. Харин Төрийн ордон дахь “Хадгаламж” банкны салбарын теллерүүдэд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон юм.
Г.РАВЖАА