Навчис хийсэх намрын жихүүн өдөр, аль эсвэл хацар хайрсан өвлийн хүйтнийг алгасах хүсэл хааяа төрдөг. Гэвч байгалийн жамыг яалтай. Харин энэ бүхнийг түр ч атугай мартахад туслах зүйлийг “LG электроникс”-ынхон бий болгожээ. Энэ нь цонхон дээрээ хүссэн орчноо бүрдүүлэх юм. Цонх руугаа харах бүрт бороо орж, эсвэл цэцэг алагласан талд эрвээхэй нисэж байвал ямар вэ. “LG электроникс” ухаалаг дэлгэцийнхээ тусламжтайгаар үүнийг бүтээжээ. Та өмнө нь цонхоороо зөвхөн гадагшаа хардаг байсан бол одооноос зурагтаа үзэн, и-мэйлээ шалгаж, интернэтээр “аялан”, бүр хүссэн орчноо бүрдүүлж болно. Хэрэв хүсвэл угаалгын өрөөнийхөө толин дээр ч зурагтаа үзнэ гээч. Тун удахгүй худалдаанд гарах энэ мэт бүтээгдэхүүнүүд Пажу хот дахь “LG электроникс” компанийн дэлгэцийн үйлдвэрт байдаг юм билээ. Түүнчлэн хөргөгчинд байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ хэмжээ, тоо ширхэг, ямар хоол хийж болох, хаана үйлдвэрлэсэн, хугацаа нь хэзээ дуусахыг хүртэл хөргөгчний хаалганд хуруугаа хүргэх төдийд мэдэх боломж бүрджээ. Гэхдээ бүтээгдэхүүнүүдээ хөргөгчинд хийхээс өмнө энэ бүх мэдээллийг сануулсан байх шаардлагатай. Ийм хөргөгчийг дэлгүүр, худалдааны төвүүдэд ашиглавал илүү тохиромжтой юм билээ. Гэртээ цөөхүүлээ амьдардаг, ажил ихтэй хүмүүс хөргөгчиндөө хэзээ юу хийснээ мартаад нэг л мэдэхэд сүү нь гашилчихсан, талх нь хатчихсан, лаазалсан ногооных нь хугацаа дууссан байдаг шүү дээ. Ийм айлд энэхүү хөргөгч тун их хэрэгтэй.
3D гэхээр бидэнд хамгийн түрүүнд нүдний шил бодогддог. Тэгвэл шил зүүлгүйгээр 3D орчныг мэдрүүлэх телевизорыг ч тэд мөн бүтээжээ. 3D өрөөнд шувуу жиргэж, гол урсах нь яг бодит мэт харагдаж, сонсогдоно. “LG электроникс”-ын уриа нь Life’s good буюу амьдрал сайхан. Иймдээ ч тэд амьдралыг илүү “амттай” болгохын тулд энэ мэт шинэ технологи туршин, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Технологийн дэвшлийг харах сайхан байсан ч хүн технологийн боол болох вий гэх айдас төрж байлаа. Хойд Солонгосоос далайгаар тусгаарлагдсан БНСУ-ын Пажу хот дахь “LG электроникс” компанийн дэлгэцийн үйлдвэрт 15.000 гаруй хүн ажилладаг.
Хавтгай дэлгэцийн дэлхийн хамгийн том энэ үйлдвэр 2006 онд ашиглалтад оржээ. Үйлдвэрлэлийн явц байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй ч тэд үйлдвэрийн эргэн тойрон дахь ус, агаар, хөрсний бохирдлыг байнга хэмждэг гэсэн. Түүнчлэн нэг хэрэглэсэн усаа олон дахин ашигладаг. Янз бүрийн хэмжээтэй дэлгэц, дэлгэцийн эд анги үйлдвэрлэдэг P1-P9 корпус, 5700 хүн амьдрах зориулалттай барилгаас тус үйлдвэр бүрдэнэ. Тухайлбал, P7 корпуст 42, 48 инчийн дэлгэц, дэлгэцийн суурь, өнгө, хамгаалалтын гадаргууг хийдэг. Бүрэн автомат энэ хэсэгт хоёрхон хүн ажилладаг. Дотогш нэвтрэхдээ усанд орж, тусгай бодис цацуулдаг юм билээ. Зөвхөн энэ үйлдвэрийг байгуулахад дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд сард дунджаар 200 мянган дэлгэц үйлдвэрлэдэг аж. “LG электроникс” хавтгай дэлгэцтэй телевиз, гар утас болон угаалын машин зэрэг бүтээгдэхүүнүүдийн борлуулалтаараа дэлхийд гуравт эрэмбэлэгддэг. Пажу хот дахь үйлдвэрт нэгэн туршилт хийж бидэнд үзүүлэв. Энгийн зурагтыг хажуу талаас нь харвал сааралтаад, дүрс нь харагддаггүй бол LG-гийнх хажуу талаасаа ч тод харагддаг. Дэлгэц нь гар хүрэхэд зурагддаггүй. Иймээс ч “Apple” компани “I-Phone” утасныхаа дэлгэцийг эднийхээс авдаг юм байна. Мөн дэлгэц нь том, жижиг хэмжээнээсээ үл хамааран өнгө сайн ялгаруулдаг юм билээ. Түүнчлэн дэлхийн хамгийн нимгэн, хуйлж болдог дэлгэцийг эднийх үйлдвэрлэжээ.
НҮҮРСТӨРӨГЧГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН
Уур амьсгалын өөрчлөлт, хэт дулаарал зэрэг нь хүн амын өсөлт, тэдний зүй зохисгүй хэрэглээтэй шууд хамааралтай. Тэгвэл эх дэлхийгээ хамгаалах, эрүүл байлгахад электрон бараа үйлдвэрлэгч “LG электроникс” компанийнхан анхаарч, ногоон төлөвл өг өө боловсруулжээ. Энэ дагуу хэтийн төлөвлөгөөндөө гэр ахуйн электрон барааг нүүрстөрөгчийн хийгүй үйлдвэрлэнэ гэж тусгасан байна. Ухаалаг гар утас, OLED буюу хүнхэр телевиз, угаалгын машин, хөргөгч, тоос сорогч, дэлгэц зэрэг бүтээгдэхүүнүүд нь ч нүүрст өрөгчийн хийгүй бүтээгдэхүүн өргөмжлөл хүртжээ. Тухайлбал, OLED телевизийн бүтцэд нэмэлт гэрэлтүүлэг шаардлагагүй байдаг аж. Энэ нь бусад зурагтыг бодвол харьцангуй бага эрчим хүч зарцуулна гэсэн үг. Түүнчлэн телевизийн хэмжээ томорсон ч эрчим хүчний зарцуулалт нэмэгдэхгүй. 84 инчийн ULTRA HD телевизийг л гэхэд LGгийнхан хамгийн бага эрчим хүч зарцуулахаар үйлдвэрлэсэн бөгөөд энгийн зурагтнаас 70 хувь бага эрчим хүч зарцуулдаг.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ