Авлигатай тэмцэх газар НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан улсын хэмжээнд нийт төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдааныг уламжлал ёсоор зохион байгууллаа.
Уг уралдааны дүнг Авлигын эсрэг олон улсын өдрөөр олон нийтэд танилцуулж, шагналыг гардуулав.
Шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын ахлах зөвлөх Ч.Өнөрбаяр тэргүүтэй төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү уралдаан нь хээл хахууль, хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад үлгэр дуурайл болгох зорилготой .
М.Болорцэцэг