УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хийсэн юм. Байнгын хорооны хуралдаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцсон юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны зарим гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Тухайлахад, УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ оны төсвийн тодотголыг цаг хугацаанд шахагдаж, хэдэн тоо засах байдлаар оруулж ирж байгаа нь Сангийн яамныхны буруу биш, харин өнгөрсөн жилүүдийн алдаатай бодлогын үр дагавар. Иймээс энэ оны гүйцэтгэлд бодитой дүн шинжилгээ хийж, бодлогын алдаа нь юундаа байсныг тодруулж байж ирэх оны төсвийн тодотголыг оруулж ирэхэд Сангийн яам анхаарах хэрэгтэй. Хуримтлал үүсгэхгүйгээр олсон мөнгөө үр ашиггүй зарж үрдэг байдлыг арилгах, төсвийн бүтцээ эрс өөрчлөх хэрэгтэй байгаа тул ирэх оны төсвийн тодотголд УИХ нухацтай хандах ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батцэрэг төсөв, санхүү, мөнгөний одоогийн бодлогодоо нухацтай дүгнэлт хийх, наад зах нь орлогын тооцоог бодитой төлөвлөх нь чухал. Ер нь эдийн засгийн хямралын цаана бас засаглалын хямрал байна гэдгийг бодолцох ёстой. Иймээс төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэгт байнгын хороо дүгнэлт хийх цаг болсон гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл төрийн байгууллагуудын өнөөгийн бүтэц, тогтолцоо нь эдийн засгийн нөөцдөө тохирч байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Иймээс төрийн байгуулалтын шинэчлэлийг төсвийн шинэчлэлтэй уялдуулахад байнгын хорооны зүгээс анхаарч төлөвлөгөөндөө тусгах, энэ талаар төрийн байгууллагуудад тодорхой чиглэл өгөх нь зүйтэй юм гэдгийг хэлж байв. Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн хэлсэн саналыг хуралдааны тэмдэглэл болон Төсвийн байнгын хороонд хүргүүлэх санал, дүгнэлтдээ тусгах, түүнчлэн байнгын хорооноос ирэх онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхэд анхаарахаа онцоллоо. Ингээд энэ оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул гишүүдийн хэлсэн саналыг тусгасан санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.