Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа нийслэлийн ирэх оны төсвийн талаар мэдээллээ. Төсвийг УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулж, орон тооны давхардлыг арилгах үндсэн чиглэл баримталж, баталсан байна. Орон нутгийн төсөвт нийт 540.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 320.9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэн, 180.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх аж. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд 38.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл хотын шууд төсөвт 424 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 78.4 хувийг бүрдүүлэхээр, дүүргүүдийн төсөвт 116.8 тэрбум төгрөгийн орлого орж, нийслэлийн төсвийн 21.6 хувийг бий болгоно гэж тооцжээ.