Энэ жилээс нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсын төсвөөс олгодог байсан нөхөн олговор болох 53.1 тэрбум төгрөгийг нийслэл хариуцахаар болов. Түүнчлэн боломжтой бүх эх үүсвэрийг танаж, бууруулж тооцон 57 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэсэн байна. Үүнд шинээр тавилга, эд хогшил худалдан авах, бичиг хэргийн зардал, гадаад, дотоод томилолт, тээвэр шатахууны зардал зэргийг 2-5 дахин бууруулжээ. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу 186 удирдах албан тушаалтны цалин, холбогдох зардлыг төсвөөс хасаж баталсан байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа “Ажлаас нь чөлөөлж буй удирдах албан тушаалтнууд бүгдээрээ залуу, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой хүмүүс. Гэтэл Засгийн газраас хоёр тэрбум төгрөг хэмнэх нэрийдлээр ажлаас чөлөөлөх чиглэл өгсөнд бид таатай хандахгүй байгаа. Гэвч УИХ-аар хууль батлагдсан тул дагахаас өөр аргагүй. Тиймээс дараагийн боломжтой ажлуудад санал болгох замаар ирэх онд ажлаас нь чөлөөлөхөөр төлөвлөсөн” гэлээ.