Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хогны уутанд 6.7 тэрбум төгрөг төсөвлөснийг иргэд шүүмжилж байна. Энэ мөнгийг сургууль, цэцэрлэг барихад зориулж болохгүй юм уу?
-Иргэд дэмий мөнгө үрж байна гэж шүүмжилж, бидэнд санал ирүүлсэн. Гэхдээ хогны уут хийж, иргэдэд тараахад төсвөөс нэмэлтээр нэг ч төгрөг гаргахгүй байгаа. Учир нь иргэд сар бүр байрныхаа төлбөр дээр хогны хураамж гэж тодорхой мөнгө өгдөг. Энэ нь жилд 14 орчим тэрбум төгрөг болдгоос ирэх онд 6.7 тэрбум төгрөгийг хогны уутанд төсөвлөсөн. Иргэдээс төвлөрүүлж байгаа хогны хураамжийн мөнгийг хог багасгах, тээвэрлэх зэргээс өөр зүйлд зарцуулахыг хориглосон хуулийн заалт бий. Бид эмнэлэг, сургууль барихад өөрийн төсвийн боломжоор хуваарилалт хийсэн. Удахгүй хотын дүрэмтэй болно. Энэ дүрэмд хог хаявал торгох заалт байхаар төлөвлөж байгаа тул иргэд хогны уут хэрэглэж хэвших нь зүйтэй.
-Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч урамшуулал авах хэвээрээ юү?
-Эдийн засаг хямралтай, улс орны төсөв санхүү хомсодсон энэ үед төсөвт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг хасаж оруулсан ч төлөөлөгчид зөвшөөрөөгүй. Тэдэнд зориулж буй мөнгө хувь хүнд нь бус сонгогдсон тойрогт нь зориулагддаг. Тайлан тооцоогоо ч хуралдаа ирүүлж, аудит шалгалт хийдэг.