Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол
Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил
сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн
даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ-ын
гишүүн Ц.Нямдорж цагдаа, хилийн цэргийн албаныхан бензинээ авч чадахгүйд хүрч,
зээлээр авч хэрэглэж байгаа гэсэн мэдээлэл үнэн эсэхийг тодруулж байлаа. Хууль
зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн хариулснаар, хууль зүйн
салбарын зарим байгууллагад цалингийн өр үүсээд байгаа бөгөөд бусад
байгууллагын урсгал зардлаас шилжүүлэн зохицуулалт хийж байгаа юм байна. Цагдаагийн
ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын өгсөн мэдээллээр,
ЦЕГ-т 11, 12 дугаар сард 132.8 сая төгрөгийн шатахууны зардал дутсан бол хил
хамгаалах байгууллагад 300-гаад сая төгрөгийн шатахууны өр хуримтлагдсан байгаа
аж. Хууль зүйн салбарын харьяа 11 агентлагийн урсгал зардлаас хасахаар төсөвт
тусгаснаас цагдаа, хууль сахиулах байгууллагын унааны асуудлыг шийдэж чадахгүйд
хүрсэн хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг хэлж байлаа. Тиймээс
яамны зүгээс аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандан Орон нутгийн хөгжлийн
сангаас хууль сахиулах байгууллагын ажилтнуудын унааны асуудлыг шийдүүлэхээр
ярилцаж байгаа хэмээн тэрбээр нэмж хэлсэн. УИХ-ын гишүүн
Ц.Нямдорж, Ж.Батзандан нарын гишүүд монголын цагдаа, хууль сахиулах
байгууллагын ажилтнууд хүнээс бензин зээлж ажил явуулах ёсгүй хэмээж байлаа.
Тэд хуулийн салбараас хэмнэлт хийхийг урьтал болгохгүй байхыг анхааруулсан.
Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн Байнгын
хороонд хүргүүлэхээр болсон юм.