Эдийн
засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол
Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил
сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн
даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Сангийн сайд
Ж.Эрдэнэбат хуулийн төслийн талаар танилцуулсны дараа гишүүд асуулт асууж,
хариулт авсан. 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл оны эцсээр 60
гаруй хувьтай гарсан хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан бөгөөд үлдсэн
хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх талаар гишүүд лавлаж байлаа. Түүнчлэн иргэд
бизнес хийх бус мөнгөө банкинд хадгалуулахыг илүүд үзэх болсон нь ямар шалтгаантай,
хадгаламжинд хийж буй мөнгийг хэрхэн эргэлтэд оруулах талаар гишүүд тодруулж
байв. Сангийн сайдын хариулснаар, 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл
63 хувьтай яваа бөгөөд одоо 420 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилт дутуу
байгаа юм байна. Үүний 135 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй
байх гэж тэрбээр хариулсан. Учир нь 35 обьектын тендер зарлагдаагүй, 40
обьектын тендер зарлагдан дүгнэсэн ч гэрээ байгуулагдаагүй, 26 обьектын
тендерийг шалгаруулан, гэрээ байгуулсан ч гүйцэтгэх боломжгүй болсон юм байна.
Тиймээс нийт 135 тэрбум төгрөгийн өртөгтэй 101 обьектын хөрөнгө оруулалтын
санхүүжилтийг хийх боломжгүй болсон аж. Одоогоор гүйцэтгэл нь хянагдан Төрийн
санд ирээд буй 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэхэд
бэлэн болоод байгаа бөгөөд үлдэх 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын бүрдэл
хуулийн дагуу гүйцэд хянагдаад ороод ирвэл бонд гарган санхүүжүүлэх болно гэж
Сангийн сайд хэлж байлаа. Банкин дахь иргэдийн хадгаламж өссөн нь тэдний бизнес
эрхлэх сонирхол буурсантай холбоотой юм байна. Үүний шалтгааныг судалж бизнес
эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллах болно гэж тэрбээр нэмж
хэлсэн. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн
байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.