Улсын хэмжээнд 99 их дээд, сургууль коллежид 140.000 гаруй оюутнууд суралцдаг байна. Үүний 60 гаруй хувь нь хөдөө орон нутгийн харьяалалтай юм. Эдгээр оюутнуудад тулгардаг нэг асуудал бол эмннэлэгийн тусламж үйлчилгээ байдаг.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор 10-19 насныхныг "өсвөр үеийнхэн", 19-24 насныхныг “залуучууд” гэж үздэг. Эдгээр 16-34 насны залуучууд бол хүн амын харьцангуй эрүүл бүлэг боловч архаг эмгэгтэй хүмүүсийн 60 хувь нь уг эмгэгийг өсвөр, залуу насандаа олдог ажээ.
Ялангуяа хөдөө орон нутгийн оюутнууд хэрвээ өвдвөл хаана хандах нь тодорхойгүй байдаг учраас эмнэлэгийн тусламж, үйлчилгээний гадна орхигдож байгаа гэсэн үг юм.
Нийслэлийн их дээд сургуулиудад хөдөө орон нутгаас суралцаж буй оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүрэлцээ хангалтгүй байдаг билээ. Тухайлбал, Ховд аймгаас суралцдаг оюутан Ховд аймгаасаа бичиг аврах шаардлага гардагийн тэд учирлаж байв.
Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын оюутны холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллаж “Оюутны эрүүл мэндийн төв”-ийг ДЭМБ-ийн санхүүжилтээр Оюутны өргөө II хотхонд байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, ДЭМБ-ийн суурин төлөөлөгч До Су Нюунт У, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
ДЭМБ-ийн суурин төлөөлөгч До Су Нюунт У “Өнөөдрийн бидний үйл ажиллагаа нь оюутнууд, багш нарт зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үйл ажиллагааны эхлэл юм. Энэ бол олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн билээ. Энэ төвийг байгуулснаар оюутан, багш нарт үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах ажлын эхлэл тавигдаж байна” гэж ярилаа.
МОХ-ны хэвлэл мэдээллийн хэлтсийн менежер А.Азжаргал “2013 оны хичээлийн жилд оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг зарлаж, оюутнуудын дунд суурь судалгаа явуулсан. Энэхүү судалгаагаар оюутнуудын дунд хамгийн их гардаг хүндрэл бэрхшээл нь хөдөө орон нутгийн оюутны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байсан. Тиймээс оюутны эрүүл мэндийн төвтэй болох хэрэгтэй гэсэн хүсэлт гаргасан. Иймээс холбогдох байгууллагуудад уламжилж, санхүүжилтийг босгон энэхүү төвийг нээж байна ” гэлээ.
Тус “Оюутны эрүүл мэндийн төв”-ийг Анагаах ухааны сургуулийн Ерөнхий мэргэжил, суурь ур чадварын тэнхимийн багш нар хариуцан ажиллуулах юм.
ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Ж.Нарантуяа “Энэхүү төв нь оюутнуудад эрүүл мэндийн тусламжийг ойр, хүртээмжтэй хүргэх зорилготой. Энэ төв дээр оюутнууд ирээд үнэ төллбөргүй үйлчилгээ авах боломжтой ” гэж ярилаа.
МУБИС-ын гуравдугаар дамжааны оюутан Санданжав “Би Завхан аймгийн Шилүүстэй сумаас ирсэн. Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээ авахад их хэцүү байдаг. Бидэнд өрхийн эмнэлэгт бүртгэлгүй зэрэг шалгаанаас болж хүндрэл их гардаг . Тиймээс “Оюутны эрүүл мэндийн төв”-тэй болж байгаадаа баяртай байна ”гэлээ.
Тус төвд оюутнууд харяалал харгалзахгүйгээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой юм. Энэхүү төв байгуулагдсанаар хөдөө орон нутгийн оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдээд зогсохгүй Анагаах ухааны сургуулийн эмнэлзүйн бааз нэмэгдэх, төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын орчин бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм байна.
М.Болорцэцэг