Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд тус хорооны мэдээллийн удирдлагын систем, цахим хуудсыг бүтээн, ажиллуулахад бэлэн болгосон талаар Online Solution компанийн захирал Д.Соёл-Эрдэнэ танилцуулав. Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн хүрээнд хийгдсэн мэдээллийн удирдлагынэнэхүү нэгдсэн систем WWW.URGUDUL.MN /цахим хуудас, дотоод программ хангамж/-ийг тус компани боловсруулан 2 сар гаруй хугацаанд ажиллажээ. Үүний үр дүнд зохихстандарт шаардлагыг хангасан, нөөцлөлт, хадгалалтыг хэрэглэгчийн хүсэлтээртохируулах боломжтой, Улсын Их Хурлын Тамгын газарт ашиглагдаж байгаа бусад систем, портал сайт, программ хангамжтай зохицсон, нээлттэй эхийн системүүдийг дэмжин ажилладаг цахим хуудас, мэдээллийн удирдлагын системийг хүлээлгэн өгч байгаа аж. Энэхүү цахим хуудсыг нэвтрүүлснээр иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломж бүрдүүлэх, энэ ажлыг хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж бүрдэж байгаа юм.