Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоцны буудлын ойролцоо олон тооны шувуу цуглан, онгоцтой мөргөлдөж мэдэх аюул нүүрлээд байгаа гэнэ. Иргэд идшээ бэлтгэхдээ малын гэдэс дотор зэргийг зориулалтын цэгт аваачихын оронд залхууран онгоцны буудлын орчимд хаяж байгаа аж. Үүний улмаас тэр хавьд шувуу эргэлдэх болжээ. Тиймээс нисэх буудлын ажилчид нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс өөрсдөө хог хаягдлыг түүн цэвэрлэж байна. Мөн аймгийн Цагдаагийн газартай хамтран нисэх буудлын орчимд хог хаясан иргэдийг хяналтын камерын бичлэгээс шүүж илрүүлэн, торгохоор болжээ.