Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүд аж ахуйн зориулалттай, хүн амьдрах аргагүй стандартын бус байранд толгой хоргодож байгаа гэнэ. Дотуур байр нь шатсаны улмаас хүүхдүүд аргагүйн эрхэнд ийм газарт амьдарч буй аж. Сумын төвд хамаатан садангүй 50 гаруй хүүхдийг дотуур байртай болгохоор өнгөрсөн онд улсын төсөвт тэрбум 240 сая төгрөг суулгасан ч олон дахин тендэр зарлан, цаг алдсаны уршгаар мөнгийг нь төсөвт буцаан татжээ. Өмнө нь дотуур байранд жилд 120 орчим хүүхэд амьдардаг байсан аж. Тэдний дийлэнх нь энэ жил айлд амьдарч байгаа юм байна. Гэхдээ тэд хоолоо байрныхаа гал тогоонд очиж иддэг гэнэ.