Сархад хэмээх савнаасаа бусдыг дийлэх идээг монголчууд эрээ цээргүй хэрэглэж, үүний хэрээр онгорхой цоорхой болгонд баар, цэнгээний газар нээн архи үйлдвэрлэгч, худалдаалагчдыг өөгшүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Монголын хүн амын талаас илүү нь амьдардаг нийслэлд архи, согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг 3951 аж ахуйн нэгж байдаг гэсэн судалгааг Нийслэлийн Захирагчийн ажлын алба (НЗАА)- ны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийнхэн гаргасан байдаг юм билээ. Үүнээс диско баар 270, караоке 380, ресторан 560, үлдсэн нь дэлгүүр, бөөний төв гээд тооцохоор арай л ахадсан тоо гэлтэй. Үүнийг дагаад зодоон, танхай дээрэм, хүн амины хэрэг гээд янз бүрийн сөрөг үр дагавар гарсаар. Тиймээс архи согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж үүдийн тоог “хазаарлах”, үйлчилгээ үзүүлж буй цагт нь хязгаар тогтоох зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд Нийслэлийн ИТХ-ынхан, Нийслэлийн Засаг дарга анхаарч байгаа. Энэ ч үүднээс Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор тусгай зөвшөөрөл олгохгүй байх шийдвэр гаргасан аж. Харамсалтай нь НЗАА-ны дээр нэр дурдсан хэлтсийнхэнд орон нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллагынх нь тогтоол “бөгс арчих цаас” төдий ч санагдахгүй байгаа бололтой.
ШИНЭЭР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БАЙГААГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан 163 дугаар тогтоолдоо “…Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулах хүртэл Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих” журмын дагуу олгож байгаа тусгай зөвшөөрлийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр олгохгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Э.Бат-Үүл)-д үүрэг болгосугай” хэмээжээ. Мэдээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн алба гаргасан бүх тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа. Харин түүний удирдлага дор ажилладаг эрхмүүд нэр төрд нь сэв суулгах үйлдэл гаргаж байж болзошгүй. Яагаад ийн хардах болов гэхээр дээрх 163 дугаар тогтоолоор баар цэнгээний газруудад тусгай зөвшөөрөл олгохгүй байх атал нийслэлд хэд хэдэн цэнгээний газар нээгдэж, зарим нь цаг хэтрүүлэн хэл ам татлах болсон. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, “Хоум плаза-2” төвтэй залгаа “Тэнүүн эрдэнэ” компанийн “Минт” гэх шөнийн цэнгээний газар нээгдэн, залуусыг ихээр татах болсон.
Нэг гүүрний цаадах нэлээд хөрөнгөтэй залуус тэнд шөнийг өнгөрөөхийн хэрээр тус баарныхан 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан, Нийслэлийн Засаг даргын 2013 оны тавдугаар сарын 30-ны А/548 дугаар захирамжаар баталсан 00.00-03.00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдахгүйгээр ажиллаж болох заалтыг удаа дараа зөрчиж байгаа юм. Гэвч энэ баар хэн нэгэн эрхтэн дархтан, цагдаагийн томчуудын хамгаалалтад байдгаас ч тэр үү, хууль зөрчих, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах нь хэвийн үзэгдэл аж. Цаг хэтрүүлэн ажиллаж байгаа талаар ойр орчмынх нь иргэд гомдол гаргахад цагдаагийн ямар ч эргүүл тус баараар очдоггүй нь ч хэн нэгний хамгаалалтад байдагтай холбоотой байх. Шинээр нээгдсэн “Минт” бааранд хэн гэдэг эрхтэн дархтан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг зөрчин тусгай зөвшөөрөл олгосныг мэдэх хүн ховор.
НЗАА-наас энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд гаргасан архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл сэргээх тушаалд тус албаны дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа тэргүүтэй гурван хүн гарын үсэг зурсан байгаа юм. Ингэхдээ “сунгалт” гэсэн халхавч дор шинээр олгосон байгаа нь том арын хаалгатайг гэрчлэх мэт. Түүгээр зогсохгүй хууль хяналтын байгууллагаас энэ оны есдүгээр сард “Минт” баарны тусгай зөвшөөрлийг цуцалчихаад байхад мөн л цаг хэтрүүлэн ажиллаж байсан баримт бий. Хууль хяналтын байгууллагынхан цаг хэтрүүлэн ажилласан, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар удаа дараа үйлчилсэн баар цэнгээний газрын эрх бүхий албан тушаалтныг эхний удаад 250 мянган төгрөгөөр торгодог. Зөрчлөө удаа дараа давтвал аж ахуйн нэгжийнх нь тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэх хууль эрх зүйн зохицуулалт өнөөдөр манайд үйлчилж байна. Гэтэл “Минт” бааранд хуулийн энэ зохицуулалт огт хамаагүй. Тус баарны тусгай зөвшөөрлийг энэ оны есдүгээр сард цуцалж, дараа нь цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалтаар очих үед цаг хэтрүүлэн ажилласаар байжээ. Гэвч шалгалтаар очсон хууль, хяналтын байгууллагынхан дотогш нэвтэрч чадалгүй буцсан гэдэг. Ийнхүү цаг хэтрүүлэн ажиллаж байсныг тогтоогоод байхад НЗААнаас арваннэгдүгээр сарын 14-нд тусгай зөвш өөрлийг нь сэргээсэн байх жишээтэй. НЗАА-ныхан Нийслэлийн ИТХ-ын Тэрг үүлэгчдийн 163 дугаар тогтоолыг зөрчин шинээр аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон нь Циркэд нээгдсэн “Кроун” гэх баар. Сүмогийн их аварга Д.Дагвадоржийн мэдлийн гэх тус баар энэ сарын 5-нд нээгдсэн гэдэг. Энэ мэтээр нийслэлийг удирдаж байгаа албан тушаалтнуудын ам ажил зөрж байна. Харин зөрүүлэх үйлдлийг нь дунд шатны албан тушаалтнууд хийгээд байх шиг.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛСАН БААРНУУД НУУЦААР АЖИЛЛАЖ БАЙНА
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Нийслэлийн Засаг даргын захирамж, бусад хууль тогтоомж зөрчин ажилладаг байгууллагуудыг цагдаа, мэргэжлийн хяналтынхан үе үе шалгадаг. Удаа дараа зөрчил гаргаж буй ийм баар цэнгээний газруудыг дээрх байгууллагуудаас эрх мэдлийнхээ хүрээнд аж ахуйн нэгжийнх нь тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэлх хугацаагаар цуцлуулах саналыг НЗАА-нд хүргүүлдэг юм билээ. Цагдаагийн байгууллагаас удаа дараа торгох арга хэмжээ авсан ч зөрчлөө арилгахгүй ажиллаж буй баарны тусгай зөвшөөрлийг дээрх хугацаагаар цуцлах, эздийг нь баривчлан хорих арга хэмжээ авах хуулийн заалттай. Хэрэв Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу арга хэмжээ авбал хоёр жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах эрхгүй болох аж. Тиймээс цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага баарны эздийн “толгойг илж байна” гэхэд нэг их хилсдэхгүй. Гэвч “өрөвдөхөд өр өшиглөнө” гэгчээр зөрчлөө арилгахгүй, баарныхаа эздийг нуудаг, тусгай зөвшөөрлөө цуцлуулчихаад нууцаар ажилладаг, өөр аж ахуйн нэгжийн нэрээр эрх авах гэж танил тал хайдаг явдал гарсаар байна. Баянгол дүүрэг нийслэлийн хэмжээнд хамгийн олон баар, цэнгээний газартай гэхэд буруудахгүй.
Баар, цэнгээний газрыг дагаад танхай, дээрмийн хэрэг ч нэлээд гардаг. Тиймээс тус дүүргийнхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа шалгалт хийж, цаг хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд архи, шар айраг худалдсан баар цэнгээний газруудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах, эздийг нь шүүхийн шийдвэрээр баривчлуулах арга хэмжээ авсан. Үүнийхээ мөрөөр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан аж ахуйн нэгж ажиллаж буй эсэхэд тус дүүргийн холбогдох албаныхан хяналт тавьжээ. Гэтэл НЗАА-ны шийдвэрээр архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг нь цуцалсан “Стрингс”, S, “Q сenter”, “Аялгуу” зэрэг баар цэнгээний газар хэдхэн хоногийн өмн ө ажиллаж байж. Уг нь тэдний тусгай зөвш өөрлийг энэ оны аравдугаар сард гурван сарын хугацаатай цуцалсан юм билээ. Түүгээр зогсохгүй тусгай зөвшөөрлийг нь цуцалчихаад байхад “Санко мичид” гэх компани “Энхжин” нэрээр согтууруулах ундаагаар үйлчлэх эрх хүсэж байсан тохиолдол ч гарав. Зөвхөн Баянгол дүүргээр тогтохгүй, нийслэлийн хэмжээнд тусгай зөвшөөрлийг нь цуцалчихаад байхад нууцаар ажиллаж, шинэ жилийн захиалга авч буй нь ч бий. Үүний тод жишээ бол Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Холливуд” гэх баар. Байнга л цаг хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд архиар үйлчилсэн хэл аманд өртөж байдаг тус баарны тусгай зөвшөөрлийг цуцалчихаад байхад шинэ жилийн захиалга авна гэсэн хаяг хадсан байсан юм.
Уг нь тус баарны тусгай зөвшөөрлийг өнгөрсөн есдүгээр сард гурван сарын хугацаатай цуцалсан аж. Тусгай зөвшөөрөл нь сэргээгүй байхад ийнхүү захиалга авч, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байхад нь хууль хяналтын байгууллагынхан ороод бүх л орлогыг нь, согтууруулах ундаатай нь улсын орлогод хураачихвал яах вэ. Баар ч тэр, байгууллагынхаа шинэ жилийг тэмдэглэж буй аж ахуйн нэгж ч баярлах, баярлуулах биш, хууль хэрэгжүүлж яваа төрийн алба хаагчдыг харааж зүхсээр л хоцорно. Энэхүү нийтлэлийг бичиж байх явцад “Холливуд”-ын тусгай зөвшөөрлийг сэргээсэн гэх ч НЗАА-ны албан ёсны мэдээлэлд согтууруулах ундаагаар үйлчлэх эрхийг нь сэргээсэн аж ахуйн нэгжийн жагсаалт байсанг үй. Тэгэхээр тус баар тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, шинэ жилийн захиалга авч байна гэсэн үг.
Г.РАВЖАА