Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны тушаалаар агнуурын зарим амьтныг агнах, түүхий эдийг нь түүж бэлтгэх, экспортлохыг гурван жилээр хориглосон. Сүүлийн жилүүдэд шар үнэг, тарвага, хярсны тоо цөөрч буйтай холбоотойгоор ийм шийдвэр гаргаж байв. Тэгвэл саяхан олон тооны тарваганы мах хууль бусаар тээвэрлэж явсан этгээдийг мэргэжлийн хяналтынхан саатуулжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн авто тээврийн шалган бүртгэх 22-ын товчоогоор энэ сарын 14-нд нэвтэрсэн 96-77 УНД улсын дугаартай “Ланд-100” маркийн тээврийн хэрэгслийн жолооч бусад хүний хамтаар тээшиндээ 227 ширхэг тарваганы мах тээвэрлэж хэлтсийн мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар илрүүлсэн байна. Эдгээр махыг Завхан аймгийн Отгон сумаас бэлтгэн, тээвэрлэсэн аж. Ямартай ч мэргэжлийн хяналтынхан тарваганы махыг шинжлүүлэхээр Зоонозын өвчин судлалын үндэсний төвд, зөрчил гаргасан иргэдийг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.
О.БАТ