Энэ оны долоодугаар сараас эхэлсэн “Алдагдал хаягдлыг алт мөнгө болгоё” төсөл амжилттай хэрэгжиж байна.
Тус санаачилгын үр дүнд 100 гаруй өрхийн амьжиргаа дээшилсэн ажээ.
Тэд орон нутагт сургалт явуулж, улам бүр өргөжин 250-уулаа болсон байна. Гэвч тэдний тулгамдсан асуудал нь борлуулалт болоод байгаа юм байна.
Мөн хотын захиргаа болон томоохон компаниудын дэмжлэг хэрэгтэй байгаа талаар өнөөдөр болсон тус төслийн “Хамтын ажиллагаа ба талуудын оролцоо” сэдэвт түншлэлийн уулзалтын үеэр ярив.
Тэдний гаргасан үзэсгэлэнг юмханаар юм хийх гэсэн иргэдийн санаачлагыг дэмжиж байна, зөв зүйтэй, тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг ч худалдаж авдаггүй гэсэн шүүмжлэлийг тэд хэлж байлаа.
Төслийн менежер Х.Доржхандын хэлснээр “Хаягдлаар хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэнэ гэдэг Монгол хүний сэтгэхүйд байдаггүй үзэгдэл юм байна. Бид хог дээрээс түүсэн зүйлээрээ бүтээгдэхүүн хийдэггүй, дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг анхдагч эх үүсвэрээс нь цуглуулан авч эргүүлэн ашиглах, амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс эрүүл ахуйн талаасаа шаардлага хангасан” гэсэн юм. Түүний ярьснаар борлуулалт сайтай, захиалга ихтэй бүтээгдэхүүн нь буйдан, сандал юм байна.
Төслийн хугацаанд гурван сая төгрөгийн борлуулалт хийсний дийлэнх нь буйдан, сандал орж байгаа аж.
Мөн тетрапак хайрцгаар аяны олбог, гэрийн хаяавч, ахуйн цүнх, саравч, илүүдэл даавуугаар улавч, мужааны болон эзэгтэйн хормогч, гал тогооны болон ажлын бээлий, гутлын алчуур, гутлын улавч зэргийг урлаж байгаа юм.
Нийслэл Улаанбаатар хот зөвхөн нэг өдөрт 1100 тонн хатуу хог хаягдлыг “үйлдвэрлэн”, хогийн цэгт цуглуулан шатааж эсвэл булж байгаа тухай баримт байдаг байна.
Энэ нь нийслэл хотын хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулахын зэрэгцээ байгаль орчыг сүйтгэх шалтгаан болж байгаа юм.
Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Дэд сайд М.Хүрэлсүх, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан Орлогч дарга Ц.Буяндалай болон төслийнхөн оролцлоо.
М.Болорцэцэг