Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчид хэрхэн ажилладаг, ямар багаж хэрэгсэл ашигладаг талаар иргэдэд мэдээлэл өгөх, нэг цэгээс үйлчлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсээс автомашины цахилгаан систем оношлогч төхөөрөмж, гарын хээ шалгах “Папилон” зөөврийн систем, хуурамч бичиг баримт илрүүлэх хэт ягаан, улаан богино долгионы аппаратаа хэрхэн ашигладгаа танилцуулсан юм. Мөн иргэдийн өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авч, галт зэвсэг, сумны хонгио бүртгэх, сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөө өгөх, иргэдийн цусны бүлгийг тогтоох, тусгай бодисоор алганы хээнийх нь дардсыг авч дурсгах зэрэг үйлчилгээ үзүүллээ.