Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт эхэлж байна. Тухайлбал, нийслэлийн I-V ангийн сурагчид ирэх даваа гаригаас ирэх оны нэгдүгээр сарын 26-ныг дуустал таван долоо хоног амарна.
Харин VI-IX ангийн сурагчид 2015 оны нэгдүгээр сарын 4-26-ныг дуустал гурван долоо хоног, X-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 11-26-ныг дуустал хоёр долоо хоног амрах юм.
Харин хөдөө орон нутгийн бага ангийн сурагчид 2015 оны нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 9-нийг дуустал дөрвөн долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 9-нийг дуустал хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид хоёрдугаар сарын 1-9-нийг дуустал нэг долоо хоног тус тус амрах аж.
Хэдийгээр сурагчдын амралтын хугацааг хот, хөдөөгөөр ялгаатай тогтоосон ч хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа бүсчлэлээс хамаарахгүй адилхан байх юм.
Бага ангийн сурагчдыг өвлийн улиралд даарч, хөрч, ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү урт хугацаагаар амраах болсон нь нэг талдаа сайн ч нөгөө талдаа хүүхдүүд хараа хяналтгүй болох нөхцөл байдал үүсдэг байна.
Тодруулбал, эцэг эхчүүдийн хараа хяналт сул байдгаас хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь буурахгүй байгаа тоон мэдээлэл байгаа юм.
Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийн хараа хяналт суларснаас зам тээврийн осолд хүүхдүүд өртөх нь ихэсдэг. Тиймээс 30 гаруй хоног үргэлжлэх энэ хугацаанд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг сулруулахгүй байхыг Улаанбаатар хотын ЦГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбат сэрэмжлүүллээ.
2013 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас найман хүүхэд нас барсан байна. 2014 оны 10, 11 дүгээр сард өдөрт дунджаар зам тээвийн осолд 2.5 хүүхэд холбогдож бэртэж гамтсэн байна. Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь тодорхой хэмжээгээр буурч байгаа ч энэ тоо дорвитой буурахгүй байгаа тул эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нарыг амралтын энэ өдрүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сулруулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
М.Болорцэцэг