Дэлхийн улсууд хот орчмын бүс нутгаа тогтвортой хөгжүүлэх, иргэдийнхээ амьдрах нөхцөлийг сайжруулахын тулд нийгэм, эдийн засаг, байгаль орчны нарийн мэдээлэл өгдөг үүлэн өгөгдлийн бүсийн тавцанг ашиглах болжээ. Уг тавцанг танилцуулахаар “Экологи, хөгжил хандивлагч” сангийн хөтөлбөрийн санхүү хариуцсан захирал Кристоф Уалдерский, Их Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд Кристофер Чарлес Стюарт нар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай уулзлаа. Тус сан нь Их Британийн Засгийн газрын дэмжлэгээр дэлхийн гадаргууны ажиглалт, эдийн засаг, нийгэм, байгаль орчны өгөгдлийг гаргадаг аж. Кристоф Уалдерский “Энэхүү тавцан нь хөрс, ойн аж ахуй, усан хангамж гэсэн гурван чиглэлээр тухайн газарт хөнгөн, хүнд үйлдвэрлэл явуулах боломж бий, эсэхийг мэдээлнэ. Жишээ нь, танай улсын суурин газрын хөрсний эвдрэл, усан хангамж ямар байна, говийн бүсэд уул уурхай эрчимтэй хөгжүүлбэл усан хангамж, ургамлын зүй тогтол, малчдын ахуй амьдралд хэрхэн нөлөөлөх зэргийг үзүүлэн, зөв бодлого боловсруулахад нь шийдвэр гаргагчдад тусална” гэв. Тус сан манай улсад уг программыг ашиглахад шаардлагатай мэдээллийг өгөхөөс гадна мэргэжлийн боловсон хүчин, энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг төслийн бүрэлдэхүүн хэсэг болгон ажиллуулах аж.
ХХАА-н сайд Р.Бурмаа мөн Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын дүнд ХХААЯ, Турк улсын Элчин сайдын яам, ТИКА байгууллагын төлөөлөгчийн газар хооронд уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тохирох, Туркт хийх айлчлалын тов, ТИКА байгууллагын шугамаар сургалтын болон технологи дамжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов. Тус улсын ажиллах хүчний 29.5 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ногддог, жилд 16.2 сая тн улаан буудай, 3.5 сая тн арвай үйлдвэрлэдэг. Мал аж ахуй төдийлэн хөгжөөгүй ч мах, сүү, ноос, өндөгний үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн гуравны нэгийг эзэлдэг аж.