МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ээлжит хуралдааны талаар бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ. Бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжсэн ч нэлээд шүүмжлэлтэй ханджээ. Тухайлбал, мөрдөн шалгах сонсгол бий болгох нь эл асуудлыг тусгайлан хариуцсан байгууллагын чиг үүрэгт халдахаар байгаа тул зааг ялгааг нь нарийн тусгах шаардагатай гэсэн байна. Нөгөө талаас УИХ-д өргөдөл, гомдол хариуцсан Байнгын хороотой байхад нийтийн сонсгол зохион байгуулах нь парламентад эрх мэдэл төвлөрүүлэх гэсэн хандлага давамгайлж байгаа хэрэг гэж эсэргүүцэх гишүүн ч байсан аж. Тиймээс хэлэлцүүлгийн явцад Нийтийн сонсголын тухай хуульд нэлээд өөрчлөлт орж магадгүй бололтой.
Мөн УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан Барьцаалдан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төслийг дэмжиж, Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Үүнээс гадна эдийн засгийн хямралтай холбоотойгоор төсвийн хөрөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох чиглэл ерөнхийлөн захирагч нарт өгөхөөр тус Бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Түүнчлэн Бүлгийн дарга төсвийн зардлыг огцом бууруулахаар ярьж буй энэ үед зарим яаманд хоёр дэд сайд томилсныг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд, “Төсөв хэмнэх нэрээр нийгмийн халамж зайлшгүй хүртэх ёстой хэсгийнхэнд очих мөнгийг багасгаж болохгүй” гэсэн юм.
Энэ үеэр зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоотой холбоотойгоор МАН эрх баригчдыг зөвшилцлөөс ухарлаа хэмээн шүүмжилж буйд хэрхэн хандаж буй байр суурийг нь тодруулахад Бүлгийн дарга Н.Батцэрэг “Эл асуудал манай Бүлэгтэй хамааралгүй учир мэдээлэлгүй байна. Сайдаас бусад албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн дагуу томилдог. Намууд бялуу хувааж, түүнээсээ болж зарим талаар зөрчилдөж байгаа бол буруу” гэсэн хариулт өгсөн юм.