“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВтаар өргөтгөх төслийн барилга угсралтын ажлын дараах турбиний туршилт тохируулгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр болов. Ингэснээр уг шинэ эх үүсвэрээс цахилгаан, дулаан нийлүүлж эхэллээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригт “Нийслэлийн хэрэглэгчдийг найдвартай хангах эрчим хүчний томоохон эх үүсвэр болох 123 МВт хүчин чадалтай турбиний барилга угсралтын ажлыг дуусгалаа. Энэ нь эрчим хүчний салбарт сүүлийн 30 гаруй жилд хийж байгаа том хөрөнгө оруулалт юм” хэмээн өгүүлэв. Эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд, бага зардлаар хаах оновчтой хувилбар нь станцын хүчин чадлыг цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188 Гкал/цагаар өргөтгөх энэхүү төсөл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хоёр жилийн хугацаанд, хямд зардлаар (нэг МВт нь 570.000 ам.доллар) хэрэгжүүлсэн учраас тэр аж.
Төслийн удирдагч Д.Батчулуун “Суурилуулаад буй цахилгаан үүсгүүрийн хүчин чадал нь “ДЦС-2”, Дархан, Эрдэнэт, Ухаахудаг, Даланзадгадын цахилгаан станцынхтай тэнцэх юм. Станц барьж ийм хэмжээний том эх үүсвэртэй болно гэвэл урт хугацаа зарцуулах байсан” гэж ярилаа. Мөн “ДЦС-4”-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар “Туршилтын хугацаа цаашид үргэлжилнэ. Станцын дотоод хэрэгцээний цахилгааны хэмжээ хоёр хувиар буурч байгаа” гэв. Туршилт тохируулгын ажил 1-2 сар үргэлжлэх бололтой. Төслийн үр дүнд 250.000 өрхийг хангах буюу эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт. цагаар нэмэгдэх аж. Бас дулааны үйлдвэрлэл 400.000 Гкал/цагаар өссөнөөр 15.000 айлыг хангах боломж бүрдэх юм.
Монгол Улсын хэрэглээ жилд 8-10 хувиар нэмэгдэж байгаагаас үүдэн 2012 оноос Төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалд ороод байжээ. “ДЦС-4” 2011 оны эцсээр 582 МВт ачаалал авч ажиллаж байсан бол өнгөрсөн жилийн нэгдүгээр сард 602 МВтд хүрсэн нь суурилагдсан хүчин чадлыг нь даваад байжээ. Дээрх төслийг “Чингис” бондын хөрөнгөөс 70 сая ам.доллараар санхүүжүүлжээ. Хөрөнгө оруулалтын өртгийг 4.5-7.8 жилд бүрэн нөхөх тооцоо гарсан байна. ОХУ-ын 150, дотоодын 10 компанийн 160 мэргэжилтэн уг төслийн ажлыг гүйцэтгэжээ. Одоогоор “ДЦС-4” нь төвийн бүсийн цахилгааны 70, нийслэлийн дулааны хэрэглээний 65 хувийг дангаар хангаж буй гэнэ.
Ц.БОЛОРМАА