Цирк, цирк, цирк. Энэ дөрвөн үгийг хэчнээн ч удаа “товшиж” байгаагаа тоолохын аргагүй болжээ. Хэлж, ярьж, бичиж, шүүмжилсээр байгаа ч ямар ч өөрчлөлт ордоггүй газар бол цирк. “Хуудуутай хувьчлал боллоо” гээд л шуугисан. Таг чиг. Шалгасан удаагүй. “Амьтдаа худалдлаа, тоглолт хийхээ болилоо” л гэсэн. Бас л хариу үйлдэл үзүүлсэнгүй. Менежментийн гэрээ байгуулагдсан 2007 он, тэр ч бүү хэл тендерийн дугтуй задрахтай зэрэгцээд л энэ хувьчлалын тухай хэл ам гарах болсон. Яагаад хэн ч үнэн мөнөөр нь тодруулъя, Монголын урлагийн нэг салбар унтрах нь, сүйрэх нь гэж анзаарч харж, сэтгэл гаргадаггүй юм бол. Найман жилийн өмнө “Аса консалтинг” компанийнхан өөрсдийгөө өмг өөлж хэлэх үгтэй байсан байх. Нэрээ өөрчилж “Рояал Плаза” болон, талбайгаа түрээслүүлж эхэлснээрээ тэд үнэн дүр төрх өө таниулсан. Энэ байгууллагыг хувьчилж авахдаа хэлсэн амлалт, хийсэн гэрээнээсээ буцаж ахмад уран бүтээлчдийн хөлс хөдөлмөрөөрөө бий болгосон циркийн урлагийг үгүй хийхээр “сэтгэл” шулуудсан. Одоо тэд юу хэлэх вэ. Ичих нүүртэй бол хоёр гараа өргөөд буруугаа хүлээсэн ч багадна.
АВАРГА АА, АМЛАСНАА БИЕЛҮҮЛЭЭЧ
Циркийн жүжигчдэд бэлтгэл хийх талбай, орон зай, хойч үеэ сургах боломж олгооч. Циркчдийн анхдугаар чуулга уулзалтад л гэхэд 200 гаруй хүн оролцсон. Гадаадад гэрээгээр ажиллаж байгаа болон суралцаж буй хүүхдүүдийг нэмбэл энэ тоо хэд дахин үржигдэнэ. Басхүү тэдэнд гэр бүл бий. ЦИРК хэмээх дөрвөн үсгээр овоглосон нэгэн том гэр бүлийг хөсөр хаяж байгаагаа ТӨР нь яагаад тоодоггүй юм бэ. Сүмогийн аварга Асашёорюү Д.Дагвадорж “Надад циркийн урлагийг үгүй хийх бодол байхгүй” гэж хэлж байсан хэрнээ яагаад өдий болтол өндийлгөх зүйл хийхгүй байгаа юм бэ? Ажлаа хийхийг шаардсан ШӨХТГ-ын О.Магнай даргын шаардлагыг тэрбээр уур цухал болон хүлээн авч, хэвлэлийн бага хурал хийснийг санаж байна. Урлаг, уран бүтээл, улсыг төлөөлөх авьяастнуудыг хөгжүүлэх тухай асуудлыг бөхийн бяр, бухимдалтай хэдэн үгээр шийддэггүй л байх. Өчнөөн ажилтан, жүжигчид цалинжуулдаг гээд хээв нэг худлаа хэлээд суухад тань “Монголын нэрийг дуурсгасан их алдар тань ийм өчүүхэн байсан гэж үү” хэмээн харамсаж байлаа. Одоо ч гэсэн байдал өөрчлөгдсөнгүй.
Төрийн байгууллагын шаардлагыг биелүүлэх нь бүү хэл дэргэдээ баар байгуулчихаад, түүнийгээ сурталчлан олны танил хүмүүсийг цуглуулан цэнгэж суух юм. Хажууд нь Монголын циркийн урлагийн гэх өчүүхэн цурам бийг мартсан бололтой. Инээд цалгиулдаг газрыг хундага харшуулдаг болгож хувиргачихаад “Ийм том байгууламжийг зөвхөн циркийн ашгаар санхүүжүүлэх боломжгүй” гэж тайлбарлана. Дургүйд хүчгүй гэдэг нь энэ буюу. Сайхан баарны тань дэргэд өнчин хүүхэд шиг нүд үзүүрлэгдэн суух ийм циркийг үзэх гэж монголчууд танд хүндлэл хүлээлгээгүй ээ.
О.МАГНАЙ ЯВЧИХЛАА. ОДОО ХЭН ДУУГАРАХ ВЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ССАЖЯ (хуучнаар), Төрийн өмчийн хороо гээд энэ олон байгууллага нь таг чиг суухад, хамгийн түрүүнд Монголын үндэсний циркийн үйл ажиллагааг шалгаж, үүрэг өгсөн ШӨХТГ-т талархууштай. Гэхдээ энэ байгууллагын гаргасан шийдвэр, шалгалтын дүнд анхаарал хандуулж, хэрэгжүүлдэг байгууллага цөөн бололтой. Ямартай ч, “Рояал плаза” улсын байцаагчийн дүгнэлтийг “авч хэлэлцээгүй”, хариу ч өгөөгүй. Дараагийн шатны арга хэмжээгээ авч, хамтарсан Ажлын хэсэг байгуулсан ч ССАЖЯ энэ бүрэлдэхүүнд ороогүй. ТӨХ хамтран ажиллаж байгаа гэх ч ажил нь урагшлахаа байгаад удлаа. Монголд ШӨХТГ гэдэг төрийн байгууллага байдаггүй л байх. Циркийн үйл ажиллагаа бүрэн утгаараа явж байна уу, зориулалтыг нь өөрчилсөн үү гэдэг асуудал бүх хүний нүдний өмнө ил байхад ганцхан Төрийн байгууллагынхан хууль ёсны дагуу шийдвэр гаргаж, шалгалт хийдэггүй нь гайхалтай. Юунаас айж, яагаад ийнхүү ус балгасан мэт дуугүй сууна вэ. Эцсийн ганц найдлага болоод байсан О.Магнай дарга өчигдөр ажлаа өгчихлөө. Одоо циркчид хэнд, юунд найдах вэ. Анхдугаар чуулганаа хий, дараа нь асуудлыг чинь шийдье гэсэн ССАЖЯ татан буугдаж, циркийн барилгыг зориулалтаар ашиглахыг шаардаж байсан О.Магнай явчихлаа. Шударга бус үйлдлийг засаж залруулахын тулд тэрбээр ажлаа өгсөн гэж байгаа ч циркийн асуудалд хошуу дүрсэн хүмүүс жагсаалтаас хасагдаж байна уу гэдэг хар буухад хүрч байна. Циркийн тоглолтын хөх асарт, нэг удаад 2000 хүн үзэх боломжтой байдаг. Хоёр жилийн өмнө “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг үзэхээр 14 хоногийн турш суудал дүүрэн үзэгч цугларч байлаа. Монголчууд циркийн урлагт дуртай, хайртай. Зах зээл ч боломжийн хэмжээнд бий. Тэгвэл уран бүтээлийн бүтэн баг ажиллуулж, мэргэжлийн тоглолт зохион байгуулж, маркетинг хийвэл хүмүүс циркт очиж л таарна. Бас хүүхдийг баярлуулахын зэрэгцээ, мөрөөдлийн орчинд нь аваачиж, тэсвэр тэвчээртэй болгон хүмүүжүүлдэг урлагийн нэгэн төрлийг байснаас нь дордуулахгүй авч явах үүрэг БСШУЯнд ногдож байна. Л.Гантөмөр сайд анхааран үзэж, Монголын циркийн урлаг, циркчдийг авраасай. “КRONE” БААРЫГ ШАЛГААСАЙ Циркийн зүүн жигүүрт өнгөрсөн хавраас өргөтгөл хийж, шил толь болсон, өвөрмөц хийцтэй барилга барих болсон юм. Энэ бол “Krone” нэртэй уушийн газар. Асашёорюү Д.Дагвадорж, UFC группийн захирал Э.Амартүвшин нар хамтарч байгуулсан гэсэн. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг газрын тоо 4000-д хүрэхээ шахаад Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны арванхоёрдугаар сарын 20- ны тогтоолоороо “…Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулах хүртэл Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолын нэгд үгээр хавсралтаар баталсан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих” журмын дагуу олгож байгаа тусгай зөвшөөрлийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр олгохгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Э.Бат-Үүл)-д үүрэг болгосон. Тэгэхээр “Krone” баар хууль бусаар зөвшөөрөл авсан, эс бөгөөс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болж таарах нь. Энэ мэтээр зөрчлийг тогтооход хялбар байтал хуулийн болон мэргэжлийн хяналтын байгууллагынхан хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа нь гайхалтай. Циркийг хувьчлахаас өмнө эзэмшил газрынх нь хэмжээ 35666 ам метр, ажилчдынх нь тоо 136, барилга байгууламжийнх нь хэмжээ 7823 ам метр байсан аж. Харин ШӨХТГынхан өнгөрсөн нэгдүгээр сард шалгалт хийхдээ “Рояал Плаза” ХХКийн Монгол үндэсний цирк барилга ашиглалтаа өөрчилснөөс гадна эзэмшил газрын хэмжээ 24269 ам метр, ажилтнуудынх нь тоо 61 болж буурсныг тогтоосон. Анх циркийг хувьчилж авахдаа жилд дунджаар 21 удаа тоглолт хийнэ гэсэн ч энэ амлалтаа биелүүлээгүй юм. Урлагийн бүтээл туурвихын тулд бүхэл бүтэн баг ажиллахын зэрэгцээ тасралтгүйгээр залгамж халаагаа бэлтгэн, тэдний авьяасыг хөгжүүлж, өрсөлдөөн бий болгох учиртай. Гэтэл өдгөө циркт Уран сайхны зөвлөл, мэргэжлийн найруулагч, багшийн аль нь ч алга. Улс хаашаа явж байна вэ. Том тоо, давсан хүсэл тэмүүллээс илүүтэй өв соёл, хүүхэд багачуудаа хүмүүжүүлэх ухаантай бодлого чухал юм шүү. Монгол Улсыг Цирктэй нь үлдээнэ үү, эрхмүүд ээ.
Ж.СОЛОНГО