Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгсэл хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор энэ сарын 10-наас нийслэлийн хэмжээнд 2015 оны нэдүгээр сарын 1 хүртэл “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, пиротехникийн хэрэгслээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж, пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдааны төв, зах, дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, пиротехникийн хэрэгсэл борлуулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцож буй аж.