Хараа хяналтгүй яваа болон гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг хайж олох, эцэг эх асран хамгалагчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд асрамжийн газар амьдруулахаар арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн А/1037 дугаар захирамж гаргасан.
Уг захирамжийн дагуу нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дээр гэр бүлээсээ дайжин, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, тэднийг гэмт хэрэг зөрчилд өртөх, осгох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, Дүүргийн хүүхэд гэр бүл, хөгжлийн төвүүд хамтран энэ сарын 16-17-ны хооронд зохиолоо.
Тус хоёр өдрийн арга хэмжээнд зургаан дүүргээс 67 эрэгтэй, гурван эмэгтэй нийт хараа хяналтгүй 70 хүүхэд ирсэн аж.
Эдгээр хүүхдүүдийг “Дон Боск” халамж, асрамжийн төвд түр байрлуулан, усанд оруулж, эрүүл мэндийн анхан шатны оношилгоонд хамруулан, хүүхдүүдэд хоол цайгаар үйлчилжээ.

Эдгээр хүүхдүүдийг насны хувьд ангилвал,
2-8 насны хүүхэд: 9 буюу 12.8 хувь
9-13 насны хүүхэд: 20 буюу 28.5 хувь
14-16 насны хүүхэд: 34 буюу 48.5 хувь
17-18 насны хүүхэд: 7 буюу 10 хувь байна.
Эдгээр хүүхдүүд дээд тал нь 11 жил, доод тал нэг сарын хугацаанд хараа хяналтгүй явсан байна.
Хүүхдийн харьяа дүүргийн ХГБХТ-өөс 32 хүүхдийг асран хамгаалагч, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, хамтран ажиллах болон хариуцлага хүлээлгэх тухай гэрээ байгуулан, ар гэрт нь буцаасан бол, гурван хүүхдийг “Өнөр бүл”-д, гурван хүүхдийг ДЗОУБ-ын Ропем төвд, 14 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүлээлгэн өгчээ.
Эдгээр хүүхдүүд хараа хяналтгүй байгаагийн гол шалтгааныг эцэг эх, асран хамгаалагчид үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлж, чадахгүй байгаагаар холбон тайлбарлаж болох юм.
Мөн нийгмийн сөрөг асуудал болох ажилгүйдэл, орон гэргүй байх, архидан согтууралт, ядуурал хүчирхийлэлтэй шууд холбоотойг Нийслэлийн хүүхэд гэр бүл, хөгжлийн газраас мэдээлж байлаа.
Тиймээс хараа хяналтгүй болоод хоёроос дээш жил болсон хүүхэдтэй, ул суурьтай арга барилаар ажиллах, мөн урьдчилан сэргийлэх ажлыг ядуурал, хүчирхийлэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх ажилтай хослуулан, салбар бүрийн оролцоотой урт, хугацаанд тогтвортой төлөвлөн ажиллах шаардлагатай байгааг холбогдох мэргэжилтнүүд онцолж байв.
М.Болорцэцэг