Барилга, хот байгуулалтын шинэ сайд Д.Цогтбаатар салбарынхаа ажилтай танилцаж эхэлжээ. Тэрбээр Монголын барилгын үндэсний ассоциацийн удирдлагууд, удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Монголын барилгын үндэсний ассоциацид барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 150 орчим компани гишүүнээр элссэн байдаг. 2009 оноос хойш гишүүн компаниудынхаа инженер, техникийн ажилтнуудад сургалт явуулахын зэрэгцээ салбарын яамтай хамтран ажиллаж ирсэн талаараа товч танилцуулав. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Барилга нь газар доорх баялагаа зарж, худалдахгүйгээр газар дээр баялаг бүтээдэг салбар” гэж салбараа тодорхойлов. Тэрбээр мөн “Монгол хүний гар, оюун ухаанаар бий болсон барилгын салбарт үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бүрэн утгаар нь бий болгох учиртай. Миний зүгээс энэ салбарт ямарваа нэг дарамт байх ёсгүй гэж үздэг. Төрөөс олон янзын шаардлагагүй дарамт хэрвээ байдаг бол алга болох ёстой. Ер нь барилгын салбарыг хөгжүүлэхэд хэрэгтэй байгаа бүхий л дэмжлэгийг үзүүлэхийн төлөө ажиллана. Үүний зэрэгцээ хариуцлага шаардана. Ялангуяа хүний амиар бизнес, бүтээн байгуулалт хийдэг дутагдал хэрхэвч байж болохгүй. Аюулгүй байдлыг хангаж чадахгүй бол барилга бүү барь гэдэг шаардлагыг компаниудад тавина. Цөөхөн монголд нэг хүний амь нас маш том үнэ цэнэ” гэж анхаарууллаа.
Өнгөрсөн хугацаанд барилгын салбарт цөөнгүй бүтээн байгуулалт хийсэн. Барилга, хот байгуулалтын яам барилгачид, барилгын салбараа дэмжих тал дээр хийсэн ажлууд ч цөөнгүй юм. Харин хэрэглэгч буюу иргэдийн дуу хоолойг орхигдуулсан тал ч бий тул барилга, орон сууц худалдан авч байгаа хүмүүсийн эрх ашгийг анхаарч ажиллана гэдгээ Д.Цогтбаатар сайд ассоциацийнхан дуулгав. Монголын барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан “Ассоциацид мэргэжлээ ухамсарласан компаниуд багтдаг учраас хариуцлагатай ажиллах саналыг дэмжиж байна. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргидог. Энэ салбарт хийсэн олон бүтээн байгуулалтыг осол гэмтэл харлуулдаг. Тиймээс том, жижиг гэлтгүй бүх компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд анхаарах цаг болсон” гэв.
Барилгын салбарт 2009 оноос хойш дөрвөн ч сайд солигдсон. Сайд бүрийн оруулж ирэх бодлого биш урт хугацааны бодлого энэ салбарт хэрэгтэй. Дээр нь яам, хотын захиргаа хоёрын уялдаа муугаас шалтгаалсан бэрхшээл ч цөөнгүй байдгийг ассоциацынхан онцолж байв. Мөн “Барилгын салбат энэ 20.000 гаруй, ирэх онд 30.000 орчим айлын орон сууцны төсөл бэлэн болно. Гэтэл эдийн засгийн хямралаас шалтгаалан худалдан авагчгүй болж байна” гэдгийг ассоциацийнхан Д.Цогтбаатарт сайдад уламжиллаа. Үүний хариуд тэрбээр “Эдийн засаг хямарсан, хөрөнгө оруулагчдын итгэлцэл суларсан энэ үед хамтдаа зөв гарц олж, нэг санаатай ажиллавал үр дүнд хүрнэ. Төсвийн хөрөнгөөр барьж эхлээд дуусгалгүй орхисон барилгуудыг барихын төлөө нэг төгрөгийн араас ч хөөцөлдөнө. Томоохон компаниуд зөвхөн өөрсдийн эрх ашгаа хөөцөлдөлгүй жижиг компаниудынхаа төлөө ч ажиллах хэрэгтэй. Ингэвэл Монголдоо үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэсэн маш үнэ цэнэтэй зүйлийг эдийн засгийн эргэлтэнд бүрэн гүйцэд оруулна” гэж Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэлэв.