Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын барилгачдын холбооныхонтой уулзаж, барилгын салбарт хийх ажлуудын талаар ярилцлаа. Д.Цогтбаатар сайд ажлын төлөвлөгөөг жилээр гаргах биш, хямралтай цаг үеийн нөхцөл байдалд тохируулж, улирлаар төлөвлөж ажиллах төлөвлөгөөтэй аж. Тэрбээр “Барилгын салбарын нэр хүнд барилгын чанараас шалтгаална. Хөдөлмөрийн аюулгүй байдал ч мөн чухал. Дээр нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Энэ бүхэнд барилгын салбарынханы хамтын хүчин зүтгэл шаардлагатай юм. Норм, норматив аль хэдийнэ хоцрогдсон байна. Мянган бээрийн аялал нэг алхамаас эхэлдэг гэсэн эртний үг бий. Эдгээр асуудлыг эхний ээлжинд шийднэ” гэдгийг онцоллоо.
Монголын барилгачдын холбоог 1990 онд байгуулсан, барилгын салбарын мэргэжлийн ууган холбооны нэг. 21 аймагт салбартай, 900 гаруй гишүүнтэй. Тус холбооныхон үнэ бүрдэлт, стандарт, норм дүрэм, хөдөлмөр хамгааллын талаар салбарын сайддаа мэдээлэл өглөө. Монголын барилгачдын холбооны судалгаагаар барилгын салбарт туслан гүйцэтгэгч 130 орчим бригад ажилладаг. Нэг бригад 10 гаруй хүнтэй гэвэл 17.000 орчим хүн чөлөөт зах зээлд “хөвж” явна гэсэн үг. Ямарч удирдлагагүй, хөдөлмөр хамгааллын сургалтад хамрагддаггүй, хараа хяналтгүй, захиалагч компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ хийн ажилладаг эдгээр хүмүүс осолд өртөх нь элбэг байдаг аж. Тиймээс яам бодлогын түвшинд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын сургалтыг дээрх 130 орчим бригадад явуулах шаардлага байгаа талаар холбооныхон ярив. Үүний дүнд тэдгээр хүмүүс мэдлэгтэй болно, компаниуд ч аюулгүй байдалд анхаардаг болно гэв.
Д.Цогтбаатар сайд “Барилгын салбар дахь төрийн бус байгууллагууд эв түнжинтэй, бие биенийгээ нөхөж, зарим талаараа өрсөлдөж ажилласанаар энэ салбарт дэвшил гарна” гээд цаашдынхаа ажилд дэвшүүлсэн санал санаачлагыг нь тусгахаа мэдэгдэв.